Tuesday, November 22, 2016

Тэнцэхүй


Бодолдоо дарагдсаар толгой нь өвдсөн тэр орноосоо өндийхийг ч үл хүснэ. Уг нь өнөөдөр амралтын өдөр биш юмсан. Гэхдээ түүнд өдөр бүр л амралтын өдөр шиг санагддаг тул бусад өдрөөс ялгараад байх гойд зүйл үгүй. Цонхны цаана харагдах саарал тэнгэр, улам доошлоод өөр лүү нь дөхөөд ч байх шиг. Гадаа бороо шиврэх чимээ дуулдана. Хүн байтугай нохой ч алга гудамжинд. Бодолд автсан ч, унтахыг хичээсээр байтал ийнхүү үүр цайлаа. Бие нь орных нь нэг хэсэг мэт санаж, босох байтугай хөдлөхийг ч хүсэхгүй хэвтээд л баймаар санагдах аж. Хэрэв босох л юм бол ахиад хэзээ ч орондоо орохгүй мэт сэтгэгдэл төрнө. Гэр нь таг чиг байхыг бодоход гэртээ ганцаараа байгаа бололтой. Угийн тэр ганцаараа амьдраад нилээдгүй хугацааг өнгөрүүлж буй. Хувиараа ажилладаг тул янз бүрийн цагт баригдаад байдаггүй, хүссэн үедээ ажлаа хийх нь түүний амьдарч буйн бас нэг шалтгаан. Тэр зураач хүн. Уран зурагт багаасаа л татагддаг байсан хэдий ч хэзээ ч өөрийгөө бүхий л амьдралаа зурахад зориулна гэж төсөөлж байгаагүй юм. Мөн их сургуулиа гэр бүлийн ятгалгаар эдийн засагч мэргэжлээр төгсөөд удаагүй залуу хүн. Чухам үүнээс л болж тэр одоо хэдий хүртэл энэ байдлаараа ганцаараа амьдрахаа мэдэхгүй хэвтэнэ. Мэргэжлээрээ банкинд ажиллахыг шаардсан гэр бүл, найз нөхдөөсөө зайгаа авч тэрбээр өөрийнхөө хүсэл сонирхол, дотоод дуу хойлоод автан уг шийдвэрт хүрсэн. Үүндээ хэзээ ч харамсаж байгаагүй, харамсах ч үгүй. Яахав, сардаа нэг хоёр удаа төрсөн гэртээ очиж эцэг эхтэйгээ уулзана. Харин найз нөхдийн хувьд түүнд хоёрхон сайн найз байдаг ба нэг нь Германд утга зохиолоор суралцаж байгаа, нөгөө нь Япон яваад сураг алдарсан. Энэ хотод түүнд дотны найз гэх хүн одоо үгүй.
Өнөөдөр гадаа гарах нь байтугай цонхоороо ч толгойгоо цухуйлгамааргүй эсвэл бүр гадаа гараад гэр орны тухай бодолтгүй тэнгэр ширтээд хэвтчихмээр өдөр байлаа. Тэр хөдлөлгүй хэвтсээр л. Биетэй нь хамт бодол нь хүртэл гацчихсан мэт сонин мэдрэмж төрнө. Уг нь мягмар гарагт ирсэн нэг хүний захиалгыг энэ долоо хоногт дуусгах ёстой юмсан. Түүнд цагийн хуваарь гэж байдаггүй учир хүссэн үедээ гарч хүссэн үедээ орно. Гэхдээ тэр өөрт амласан амлалтнаасаа хэзээ ч буцаж үзээгүй, шазруун зантай. “Өнөөдөр баасан гараг, дутуу таталсан хөргөө энэ долоо хоногт дуусгах ёстой ч, гэхдээ долоо хоног дуусахад ахиад хоёр өдөр дутуу байна” гэж бодон уртаар санаа алдлаа. Толгой нь хов хоосон, бие нь ч бас хоосон хөндий мэт санагдахуйц гэнэтхэн л бүх бие нь хөрчихсөн мэт хөшүүн боллоо. Толгойн өвдөлт нь арай дээрдэх хэдий ч нүдэнд нь өнөөх саарал тэнгэр, том том үүлс харагдсаар л, бороон дуслуудын чимээг сонссоор л. Учиргүй аятай таатай мэдрэмж төрөхгүй байгаа хэдий ч, яг энэ мөчийг зогсоогоод үүрд эндээ үлдэх эсвэл үхэлрүү гулгаад орохыг хүсэв. Үхэл бол түүний хувьд тун гэгээлэг зүйл. Өглөө бүр орноосоо босохдоо ганц л зүйлийн тухай бодно. Үхлийн тухай. Эхэндээ тэр өөрийгөө ийн боддогийг анзаардаггүй байсан, харин сүүлийн 4 жил өөрийнхөө бодол болон үйлдлийг нилээд ажигласны эцэст өглөө бүр үхлийн тухай айж мэгдэлгүй янз бүрээр боддог юм байна гэдгээ мэдээд яагаад ч юм сэтгэл нь их тайвширсан.
Үхэл гэдэг нь түүнийхээр бол энэ дэлхийн хамгийн үнэн бөгөөд гэгээн зүйл юм. Гэхдээ энэ өглөө тэр үхлийн тухай бодсонгүй, их сонин тохиолдол боллоо. Өөрөө үүнээсээ айх ч шиг.  Уг нь иймэрхүү бүрхэг өдөр амиа хорлолт, гэнэтийн осол, буудуулахад төрөх халуун мэдрэмж зэргийг төсөөлөн бодоход яг гоё тохирдог юмсан. Гэтэл яагаад толгойд нь бүр ямар ч бодол /дээрх ажлын тухай бодлыг эс тооцвол/ орж ирэхгүй,  өглөө бүр ёс юм шиг орж ирдэг бодлууд нь хаачаа вэ? хэдэн жилийн өмнө тэр үхлийн тухай яагаад ч юм мэдэхгүй өглөө бүр боддог тухайгаа ээждээ хэлтэл учиргүй их зэмлүүлснээсээ хойш ахиад хэнд ч ам нээгээгүй билээ.
Хэсэг хугацааны дараа, хэр удсаныг мэдэхгүй магадгүй 2 цаг 40 минут орчим болсон байх. Нойргүй хонсноос үүдээд нүднийхэн доогуур хөхөлбөр туяа татаж, нүд нь ойр ойрхон цавчина. Үс нь ийш тийшээ өрвийж, хэдий 20 гарсан ч хүүхдийнх шиг булбарай арьс нь бага зэрэг барзайжээ. Ганцаараа амьдарснаас хойш нилээдгүй жин хассан ч нүүр царайнд нь илт мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй. Тэр арай гэж өндийсөн боловч ахиад л цонхоор ширтээд таг суучихав. Хөлөнд нь хүйтэн шал мэдрэгдэхэд одоо л нэг түрүүжин хүлээсэн үхлийн тухай гайхалт бодлууд  хөвөрч эхлэх нь тэр. Цонхоор харагдах хоёр багсгар бургас, хүүхдийн гулсуур, турник гээд бас бус тоглоомнууд бүгд нойтон агаад хоосон. Жижигхэн дуслууд тасралтгүй нэгэн хэмээр дусалсаар л. Дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүсийг учиргүй их өрөвдөх сэтгэл түүнд төрлөө, бяцхан хав нь дөрөв хоногийн өмнө гэртээ ирэхэд нь үхчихсэн хэвтэж байхыг хараад төрсөн тэр мэдрэмж ахин мэдрэгдлээ. “Хөөрхий дөө” гээд уртаар санаа алдаад, нүдээ онийлгон алсын зүг ширтээд гацчихав. Тэгээд гадаах тоглоомын талбайгаар нуугдангүй гүйх хар бор муурыг хараад “Чи ч бас үхлээс зугатаж байна уу?” гээд ёжлонгуй зэвүүн өнгө аястай хөнгөхөн инээвхийллээ. Тэр муурыг үзэн яддаг. Яагаад гэдгээ ч өөрөө мэдэхгүй, магадгүй ямар ч шалтгаангүй. Эсвэл бүр өөрөө өмнөх төрөлдөө муур ч байсан байж болох юм.  
Нүд нь бага зэрэг хорссон ч тэр нүдээ анихыг хүсэхгүй гөлрөн суусаар л. “Үхэл бол дэндүү ариун зүйл. Энэ дэлхийн хамгийн том шалгууртай, хүссэн бүр нь түүнтэй золгоод байдаггүй. Түүнд хүрэх маш олон арга сүв байгаа ч, хүмүүс айдаг. Харин тэд яг үхэж байх тэр мөчөөс айдаг уу? үхлийн дараа юу болох бол гэх бодлоосоо айдаг уу? эсвэл бүр мэдрэгдэх өвдөлтийн төсөөллөөс айдаг уу?” хэмээн бодлогшроно. Түүнй хувьд хэтэрхий урт наслахыг хүсдэггүй, хэт богино наслахыг ч хүсдэггүй. Тэр яг үнэндээ амиа хорлолтын талаар хэд хэдэн удаа бодож байсан хэдий ч түүнд үйлдэх зориг зүрх үгүй, хэзээ ч бий болохгүй гэдгийг ч өөрөө сайн мэднэ. Тиймээс л жам ёсныхоо үхлийг хүлээхээр шийдсэн юм. Гэхдээ тэр зургаа зурж суухдаа л тэс өөр ертөнцөд очоод, тэндээсээ хэзээ ч гармааргүй бас хэнийг ч оруулмааргүй тийм мэдрэмжинд автдаг юм. Гагцхүү энэ л түүний өдгөө хүртэл оршин буйн мөн цаашдаа ч оршин байх учир шалтгааны томоохон хэсэг.
Бороо үргэлжилсээр л. Тэнгэрийг ажихад өдөржин борооших шинжтэй. Одоо л хүмүүс холхилдож эхлэв. Ажил руугаа яаран алхлах хүмүүс үзэхдэх нь ихсэнэ. Манай зураач өнөөх гайхалтай үхлийн тухай бодлуудаа үргэлжлүүлсээр: “Хүмүүс нэг нэгнийхээ өнгөрснийг сонсоод өрөвддөг. Үнэндээ үлдэж байгаа тэд л өөрсдөө хамгийн өрөвдөлтэй амьтад баймаарсан. Зүгээр л унтлаа гэж хэвтээд ахиж хэзээ ч сэрээгүй хүмүүс энэ хорвоогийн хамгийн азтай хүмүүс. Тэд ч гоё юмаа, та нарт баяр хүргэе. Атаархах сэтгэлийг минь төрүүлж чадлаа. Би өмнөх төрөлдөө юу байсан бол? Муур лав биш” хэмээн нүдээ багахан томруулан таазруу харснаа буцаад л цонх өөд гөлийн ширтлээ.
Гадаах бүхий л юмс бороонд угаагдан ариуссан бололтой тунгалаг, цэвэр харагдана. Арга ч үгүй дээ, шөнөжин шаагисан юм чинь. Зуны сайхныг бишрэх сэтгэл түүний сэтгэлийн гүнд өчүүхэн ч алга. Босч ажлаа үргэлжлүүлэх ёстой боловч тэр өнөөдөр амрахаар шийдсэн нь илт. Иймэрхүү өдөр тэр заримдаа ховсдуулсан мэт хөдлөхгүй өдөржин хэвтэнэ эсвэл бяр хүч нь хаанаас гараад ирэв гэж гайхмаар, ажлыг умалзуулна. Заримдаа бүр ямар ч зорилгогүй гараад, хаа хамаагүй газраар ганцаар үдшийн харуй болтол алхан тэнүүчлэнэ. Юуг ингэтлээ эрээд байгаагаа ч өөрөө үл ухаарна.
Тэр боссонгүй, буцаад л нимгэхэн бор хөнжилөө нөмрөн тэнгэр өөд ширтэн хэвтлээ. Бүрхэг, саарал бас хар үүлс. Жижигхэн дуслууд үргэлжилсээр л. Толгой нь хов хоосон, бие нь ч бас хоосон хөндий мэт санагдахуйц гэнэтхэн л бүх бие нь халуу шатаад ирлээ. Тэртээх тэнгэр дэргэд нь буугаад ирсэн мэт өрөөгөөр нь дүүрэн хар саарал үүлс үзэгдэнэ. Өвдөлт нь арай гэж намсаж байсан юмсан буцаад л толгой нь дүүрээд ирлээ. Гэхдээ энэ өвдөлт түүнд таалагдав.

No comments:

Post a Comment