Tuesday, November 22, 2016

Биегүй дүрс

 “Цас яагаад цагаан өнгөтэй вэ?” гэж өөрөөсөө байн байн асуух түүнд өвлийн үзэсгэлэнт сайхныг гайхан бишрэх сэтгэл дутна. Хотын төвд хэдий ч хүн бүрийн хараанд өртөмгүй нуугдмал газар байрладаг нэгэн буйдхан кафед тухлан тэрбээр чухам энэ асуултыг одоо гурав дахь удаагаа өөрөөсөө асуун хариулт нэхэн сууна. Түүнд энэ газрын кофены хурц үнэр ихэд таалагдах тул сэтгэл санаагаар гундуу яваа үедээ захиалсан кофегоо уух гэж биш үнэрлэх гэж л авсан аятай гар хүрэлгүй цонхоор ширтэн суудаг зуршилтай. /Гэхдээ энэ тун ховор, жилдээ ганц хоёр тохионо/ Цонхны цаана бүүдгэр тэнгэрээс будрах зөөлөн цасан газар буусан ч хэлбэрээ алдалгүй тогтох шиг. Өвлийн дулаахан агаад цэнгэг агаартай ийм өдөр хэдэн цагаар ч хамаагүй найзуудтайгаа хамт элдвийг хүүрнэн өсөж төрсөн Улаанбаатар хотоо ажиглан алхах дуртай, өнөөдөр харин цасыг ширтэн суухыг илүүд үзлээ.
Тэр МУИС-ын олон улсын харилцааны гуравдугаар дамжааны оюутан. Сэтгэлийн хөөрөл ихтэй, олон найз нөхөдтэй, цовоо дуу шуутай түүнд бодолд автан гуниглан суух шаардлага барагтаа гардаггүй. Өөрийнхөө дотоод дуу хоолойг таньж мэдэхээсээ илүү бусдын дотогшоо өнгийн харах дуртай нэгэн. Халаасандаа үргэлж авч явдаг жижигхэн ягаан толио байс гээд л гаргаж ирэн уруулын будагаа тодруулна. Хичээл амрах дөхөөд шалгалт шүүлэг эхлэсэн үед түүнд ингэж дэмий суух зав баймааргүйсэн. Гэвч түүнд одоо хичээлээс илүү долоон өдрийн турш тасралтгүй хаялсан цас л чухал санагдана. Гагцхүү цас удаан хугацаанд үргэлжлэн орсон болохоор л түүнд, өөрийгөө бодуулахад хүргэсэн аж. Сонирхолтой нь, ямар ч зүйлийг хөл хөөрцөг болон угтдаг тэр цасыг хараад бусад шиг догдолдоггүй, өмнө нь яагаад цасыг анзаардаг ч үгүй /орж л байдаг, хайлж л байдаг байгалийн үзэгдэлээр хүлээн авдаг, хэзээ ч цасны тухай бодолд автан уран сэтгэмжээр төсөөлөн бодож байгаагүй юм/ байснаа гайхан гайхан дээрээс унах ширхэг бүрийг алдалгүй ажиглахыг хичээнэ. Гэсэн хэдий ч өөрийнхөө хувьд одоо хамгийн сонин санагдаад буй өнөөх асуултандаа хариулж чадахгүй байгаадаа цухалдан аягатай кофегоо нэг амьсгаагаар уучихав. Тэгээд эргэн тойрноо гүйлгэн хартал түүнээс гурван сандалны цаана суух эрэгтэйгээс өөр хүн үзэгдсэнгүй. Тэр эр нилээн дүнсгэр царайтай харагдах авч цаанаа л сэтгэл хангалуун, тайван байна. Мөн л цонхоор ширтэж будрах цасыг таатайяа ширтэн, уур савсах ногоон цай балгална. Охины ийш тийш сандчин хараад эцэстээ өөр дээр нь хараа нь тогтохыг ажиглаад түүний өөд инээмсэглэв. Охин яах ийхын зуургүй л өнөөх хүний дэргэд очин:
О: - Цас яагаад цагаан өнгөтэй юм бол? Гээд асуучихав. /Угийн л танихгүй хүнтэй ярилцана гэдэг түүний хувьд хүнд асуудал биш билээ/
Э:  -  Өнгө нь чамд тийм чухал байна уу?
О: - Мэдэхгүй ээ. Миний бие өнөөдөр нэг л сонин байна. Би өнөөдөр огт, бүр хэзээ ч бодож байгаагүй зүйлийнхээ талаар бодож сууна.
Э: - Тэр чинь тэгээд цас юм биз дээ?
О: - Харин тиймээ. Би яагаад цасыг цагаан өнгөтэй байдгийг огтхон ч ойлгохгүй байна.
Э: - Ойлгох гээд хэрэггүй ээ, зарим зүйлсийг мэдээгүй нь дээр байдаг юм. Өнгнөөс өөр юм сонирхлыг чинь татахгүй байна уу?
О: - Тийм гэж үү? Өөр гэж ямар?
Э: - Цаг агаарын үзэгдэл талаас нь биш өөр өнцгөөс харах гээд оролдоод үз л дээ, тэр нь илүү сонирхолтой байдаг юм.   
О: - Ямар өнцгөөс?
Э: - Цаснаас чи юу мэдэрч байна? Тэр чамд юу бодогдуулж байна? Цасаар хучигдсан модод чамайг юу бодоход хүргэж байна? Хүмүүс цасыг хараад хэрхэн хүлээн авч байна? Цас цэвэрлэж буй хүний тухай эсвэл цас хайлахдаа хэрхэн уусч алга болж буй гэх мэтчилэн цасыг биш цастай холбоотой бүхнийг эхлээд бодоод үз. Ер нь тэр зүйл юу, ямар юм байхаас илүүтэй бусдад ямар мэдрэмж төрүүлж буй нь илүү чухал санагддаг. Учир нь хүмүүс мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартдаггүй юм.
О: - Хэцүү юмаа, бүр толгой эргэчихлээ
Э: - Тэгвэл магадгүй чи өөрөөсөө эхлэвэл яаж байна?
О: - Өөрөөсөө эхлэх ээ? Юуг?
Э: - Чи өөрийгөө хэн бэ? Гэдгийг эхлээд таньж мэдэх гэж хичээх хэрэгтэй байх. Дотор хүнээ ямар хүн бэ? Юу хүсдэг вэ? гэх мэтчилэн
О: - За, та юун сонин юм яридаг юм? Би ч өөрийгөө мэдэхтэйгээ байнаа
Э: - Энэ чинь л чиний хамгийн том алдаа байна даа. Хүмүүс… гээд үргэлжлүүлэх гэтэл охин яриаг таслан, шууд босон хувцасаа өмсөн хаалганы зүг зүглэлээ. Тэрбээр “Ямар сонин хүн бэ, шал утгагүй балай юм ярих юм, дэмий л асуулаа” хэмээн бодон автобусны буудал руу алхлав. Гадаа хаялах цасны хэмжээ улам томорсон мэт харагдах авч охинд түүнийг анзаарах сөхөө ч үгүй. Автобус ирэхийг хүлээн буудал дээр зогсох хүмүүсийг л нэвт шувт ширтэнэ. Бодол санаа нь тэс өөр газар тэнүүчилж байсны уршгаар суух ёстой байсан автобусаа анзааралгүй өнгөрөөчихөв. Түүндээ бухимдсандаа ч тэр үү, даарснаасаа ч болсон уу хөлөө дороо хэд дэвстэл халааснаас нь байнга биедээ авч явдаг жижигхэн ягаан толь унаад хэдэн хэсэг болон хуваагдлаа. “Хамгийн хайртай толь минь байсан юмсан” гэж шивнэн хагарсан толины хэлтэрхийд өөрийгөө харан зогсож байтал том том цасан ширхэгүүд толин дээр буун хайлахад түүний тусгалд тэс ондоо хүний дүрс үзэгдэх нь тэр.

1 comment:

  1. Бидний дотор зөндөө олон асуулт урган гарч хариултыг нь хайх хэдий боловч хариулт нь хэлбэрт бус мөн чанарт байдаг билээ. Тэрхүү мөн чанарыг олж, харж чадваас асуултын хариулт урган гарж ирнэ. Харин бидэнд мөн чанарыг хайх ухаан басхүү бодрол байдаг болов уу? Тэрхүү бодролыг алдаж байж ухаардаг байж мэднэ. Яг л хайртай толио хагалаад түүнд буух дүрсэнээс сэдэл төрөхтэй адилаар. Үнэхээр гайхалтай бичижээ. Хүний бодол эсэлдэж, боловсрох тусмаа үзэсгэлэнтэй, мөн чанартай байж чаддаг ажээ :)

    ReplyDelete