Saturday, November 26, 2016

Бальконы найз


Тэд өвлийн улиралд дургүй ээ. Гэхдээ хүүхдүүд л болсон хойно мэдээж будрах цасыг хараад догдолдог, цасаар байлдаж тоглох, цасах хүн хийх дуртай. Мөн шинэ жил бол өвөлд дурлах хамгийн том шалтгаан. Тэдний хувьд аль аль нь өвлийн улиралыг нууцхан хүлээдэг нь үнэн. Үүнийгээ бие биедээ хэлэх  байтугай өөрсдөө дотроо хүлээн зөвшөөрхийг ч үл хүснэ. Нэг л зүйлээс санаа зовсондоо тэр.
Хот бүхэлдээ цагаанаар хучигдаж, хажуугаар зөрөх хүмүүсийн хацар ягаарч, сормуус нь хөлдсөн байхыг тэд харах дуртай. Тагтаршсан цасан дээр хальтарч унах хүмүүсийг шоолон инээх ч бас хөгжилтэй. Модод, зам, замын дэргэдэх түцнүүд, хашлага, айлуудын цонх, машины зогсоол, тоглоомын талбай, төмөр гулсуур, олс нь тасарсан савлуур, хоосон саравч, хуучин грашнууд, тагтаа, болжмор, тэнэмэл муур, золибон ноход, тэгээд хүмүүсийг ажиглан харах дуртай. Нэг нь долоон давхарт нөгөө нь яг доод давхарт амьдардаг тэдний цонхоор дээрх бүх зүйлс нэгд нэгэнгүй харагдана. Тэд бол бальконы найзууд юм. Уг нь зуны улиралд орой ч бай өдөр ч бай хэдэн цагаар ч хамаагүй тагтан дээрээ зогсоод хамтдаа “ажиглалт” хийж ярилцдагсан. Бүр хамт тоглодог найзуудаа хүртэл хараад шоолно гээч. Харин өвөл бол тэдний ярилцах цаг тун бага. Ийм учраас л тэд өвөлд дургүй. Тэд нэг байранд амьдардаг ч хэзээ ч гадаа гарахдаа хамтдаа тоголж байгаагүй. Гадаа найзуудтайгаа тоголж байхдаа нэг нэгтэйгээ таардаг боловч танихгүй хүмүүс шиг л дуугуй зөрцгөөнө. Яагаад ч юм, балькон дээрээ байхдаа л тэр хоёр жинхэнэ дотны найзууд болон хувирна. Харин бусад үед их хөндий, жирийн л хөршүүд аятай. 
Харамсалтай нь өвлийн улирал аль хэдийн ирсэн учир тэдний уулзалтын цаг багассан. Бусад улирал бол бараг өдөр бүр балькон болон цонхоороо уулзаж элдвийг хүүрнэдэг хоёр маань долоо хоногт ганц л уулзалдана. Заримдаа бүр арав хоноод нэг уулзах үе ч тохионо. Уулзалтын цаг ч хамгийн ихдээ гучин минут хүрэхтэй үгүйтэй болно. Тэдэнд өөрсдийн гэсэн дохио зангаа хүртэл байдаг. Хэрэв паараа хурдан хэмнэлтэй гурав гурваар ес зохивол яаралтай гарч ирээрэй гэсэн үг, харин жигд хэмнэлээр найм зохивол 10 минутын дараа уулзана шүү гэсэн үг. Түүнчлэн байрныхандаа хүртэл инээдтай хоч, нууц нэр өгсөн. За тэр ч яахав, одоо 42 хоногийн дараа шинэ жил болох нь. Он гарахаас  яг 35 хоногийн өмнө өнөө хоёр найз маань уулздаг “заншилтай” билээ. Уулзахад ердөө долоо хоног л үлдэж.
Гэнэт нэг орой доод давхрын найз хичээлээ хийгээд сууж байтал яаралтай дохио ирлээ шүү. Паарыг хурдан хэмнэлтэй цохиод унах нь тэр. “Яасан юм болдоо? Уг нь уулзахад гуравхан хоног л дутуу байсан юмсан, нэг гэнтийн юм л болждээ” гэсээр хичээлээ ч хураалгүй босч цонхоо нээн дээш өлийтөл, амнаас нь уур савсах өнөөх найз нь байдгаараа инээчихсэн “Сайн уу? хичээлээ хийж байв уу? би харин чамд нэг юм харуулах гээд, энийг хараа би өнөөдөр ийм хөөрхөн жижигхэн гөлөг авсан” гээд бяцхаан цагаан гөлөгний толгой цухуйлгав.
- “Тэгээд наадахаа л харуулах гэж дуудсан юм уу? хүн завгүй байхад” гээд ундуйцан асуутал,      
         -“Үгүй ээ, чи өмнө нь нохойтой байсан шүү дээ, тэгээд чамаас нохойны хоол асуух гээд, энэ ердөөсөө юу ч иддэггүй ээ гурав хоногийг хүлээсээр байтал өлсөөд үхчихвэл яах юм? Чи хар л даа эгдүүтэй байгаа биздээ?” гээд ахин жижигхэн гөлөгний толгойг гаргалаа.
- “Хөөрхөн л юм. Гэхдээ ямар хоол байсныг нь би сайн санахгүй байнаа, ах л авчирч өгч байсан. Нохойны зурагтай ногоон ууттай байсан санагдаж байна. Том дэлгүүрүүдээр байдаг гэсэн. Бас хамаагүй юм өгч болохгүй шүү гэдэс нь өвдчихнө. Ээж аав чинь тэгээд хамт байхыг зөвшөөрсөн юмуу?”
- “Зөвшөөрсөөн. Заза, ойлголоо. Одоо цонхоо хаахгүй бол хүйтэн оруулаад гээд эмээ загнаад байна, баяртай” гээд дотогш орлоо. Харин доод давхрын найз дотогш орсонгүй, цонхоороо хүйтэн агаар амьсгалан хэсэг ширтсэнээ санаа алдаад цонхоо хаав. Хичээлийн ширээн дээрээ эргэн очин даалгавараа дуусгах гэсэн боловч гөлөгөө санаад нулимс нь дүүрээд ирлээ. Жилийн өмнө түүний төрсөн өдрөөр нагац ах нь жижигхэн бор гөлөг бэлэглэсэн боловч ээж аав нь гэртээ хамт байлгахыг зөвшөөрөөгүй юм. Шинэ эзэн олтлоо сар гаран хамт байхдаа бие биедээ учиргүй их дасч гөлөгөө явуулдаг өдөр хоолоо ч идэлгүй өрөөндөө хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд уйлж уйлж байгаад унтсан. “Хөөрхий минь, хаана юу хийж явдаг болдоо? За яахав, ядаж манай найз гөлөг тэжээж болно гэдэг сайн хэрэг” гээд нулимсаа арчин эргэн хичээлдээ орлоо.
Тэд тэжээвэр амьтад, ангийхан, байрны найзууд, зусланд өнгөрүүлсэн өдрүүд, ээж аавдаа хэрхэн загнуулсан тухай, эмээ өвөө дээрээ очихдоо юу авсан, ах дүүтэйгээ хэрхэн маргалдсан, чихмэл тоглоом сонирхохоо больсон, шинэ гутал, үзсэн хүүхэлдэйн кино, байрны гадаа сүү зардаг хүү, ойрхон шинэ дэлгүүр нээгдсэн тэнд үлээдэг том бохь зардаг, ирээдүйд ямар мэргэжилтэй ямар хүн болох, орцны жижүүрийн хүүхэд, лифт гацсан тухай гээд бүхий л сэдвийн талаар ярилцдаг. Тэдний ярианд ер нь хязгаар гэж үгүй бөгөөд их эмх цэгцгүй явдаг, ээж юмуу эмээ нь “Цонхоо одоо хаа” гэж хэлэхэд л тэд сэхээ авцгаана. Гэхдээ л тэд бие биетэйгээ өвөл ч хамаагүй бальконоороо харилцахыг төрсөн өдрийн бялуу бэлэгнүүдээсээ илүүд үздэг. Ялангуяа зуны үдэш тагтан дээрээ гудас дэвсээд дээшээ харан хэвтээд од, сар, огторгуйн тухай эсвэл бүр өдөр идсэн элэгний нухаштай талх, уусан лемонтой цай, ээжийнхээ авчирсан аарцтай боовны тухай ярилцахдаа тэд аль аль нь үзэх дуртай америк цуврал киногоо ч умартдаг билээ.
-             За сайнуу? Шинэ жил болоход 35 хоног үлдсэн байна шүү дээ. Чи догдолж байна уу? Манайх ирэх долоо хоногт гацуураа засна гэсэн.
-             Тиймүү? Ийм эрт үү? Үгүй гэхдээ яахав гоё л юм, би энэ удаа яагаад ч юм нэг их догдлохгүй байна өө.
-             Яагаад? Шинэ жил шүү дээ, бүх юм шинэ болно гээд боддоо, би нээрээ ирэх жил бас шинэ сургуульд орно, ээж намайг том болж байгаа болохоор өөр сургуульд оруулна гэсэн, гэхдээ яг юу яриад байгааг нь би сайн ойлгоогүй ээ.
-             Ммм.. Шинэ жилээр хүмүүс хүслээ шивнэдэг шүү дээ, чи юу хүсэхээ бодсон уу?
-             Би юу? Би багш гэрийн даалгавар бага өгөөсэй л гэж хүсэж байна, бас шинэ дугуйтай болмоор л байна. Чинийх юу юм?
-             Би ч гэсэн дугуйтай болмоор л байна. Би хурдан зун болоосой л гэж бодож байна. Гэхдээ миний шивнэх хүсэл нууц, би хэлэхгүй ээ.
-             Өдөр манай дүү хүүхэлдэй үзэж сууж байгаад нойрмоглоод сандал мөргөчихсөн. Хөөрхий өвдсөн л байх даа.
-             Хэхэ.. өөрөө унасан хүүхэд уйлдаггүй биздээ, би өглөө хичээлдээ явж байхаад аймар том гуталтай ах харсан, тэр лав халк байсан байх аа…

гэх мэтчилэн тэдний замбараагүй яриа 38 минут өрнөлөө. Цонхоо хаагаад гэртээ орсны дараа хоёулаа цээжиндээ нэг л дулаан зүйлийг мэдэрдэг. Хэдэн өдрийн турш дотор нь бугшаад байсан бүхнийг гаргасан мэт. Тэд үргэлж л тун энгийн, өдөр тутмын зүйлсээ ярилцах авч эдгээр нь тэдэнд хэзээ ч дэмий чалчаа мэт санагддаггүй. Бие биенээ хүлээцтэй сонсож, чадахаараа зөвлөгөө өгч, чулууны тухай ч хамаагүй өөрсдийн үзэл бодлоо ний нуугуй солилцож, өөр юу ч бодолгүй яг тухайн цаг мөчөө мэдэрнэ. Үүний цаана асар том хүндлэл, цайлган сэтгэл буйг тэд одоогоор ухаарах болоогүй ч чухам үүнд тэдний уулзалтын үнэ цэн оршино. Бальконы нөхөрлөл ирээдүйд нь хэзээ ч мартагдахааргүй гайхалтай дурсамж болон үлдэнэ гэдгийг одоогоор тэд яахин мэдэх билээ.
Үргэлжлэл бий... 

1 comment: