Friday, February 17, 2017

Өд

Эргэлдэн ниссээр нэгэн өд унтаж буй түүний мөрөн дээр буулаа. Мөрөн дээр нь тогтоод өдөржин түүнтэй хамт байх гэнэ. Өглөө сэрээд нойрмоглон боссоор ариун цэврийн өрөө орж өрвийсөн хэдэн үсээ засах аядчихаад нүүр гараа угаав. Тэр өдийг ажигласангүй. Өдтэй хамт. Гэтэл толины цаана, бүр гүнд нь утаа манангаар бүрхэгдсэн бүүдгэр ногоон байгалийн үзэгдэл дунд нэгэн бяцхан охин инээмсэглэн дугуй унах дүрс үзэгдэв. Залуу түүнийг бас л ажигласангүй. Харин өд түүнрүү даллан инээв. Охин хариу даллаад манангийн гүнрүү орон алга болов. Харамсалтай нь залуу тухайн үед зөвхөн өөрийгөө ширтэж байсан аж. Ариун цэврийн өрөөнөөс гараад гал тогоо зүглэлээ. Өдтэй хамт. Өчигдөр идэж байсан хоолны үлдэгдэл. Ширээн дээрх эмх замбараагүй байдал. Амлуугаа нэг боорцогны үлдэгдэл хийн зажилсаар хөргөгчөө ухлаа. Өдтэй хамт. Гэтэл хөргөгчний цаад буланд нэгэн том эрвээхий гэрэл гэгээ гийсэн саруулхан хээр талаар аз жаргалтай нь аргагүй дүүлэн ниснэ. Нар жаргаж буй улбар ягаан туяа, зуны намуухан сэвшээ салхи, шувуудын жиргээ. Өд өөрийн эрхгүй өндийн түүнрүү яваад орохыг хүссэн боловч яагаад ч юм хөдөлж чадсангүй. Эрвээхий рүү даллан инээвхийлэв. Өнөөх нь хариу даллаад цааш дүүлэн нисэн алга болов. Харин залуу идэх уух зүйл л эрэн зогсож байсан юм. Хөргөгч хаагдлаа. Залуу эргээд унтлагын өрөөндөө оров. Өдтэй хамт. Гэтэл залуугийн орны дэргэд байх сандалны буланд нэгэн гунигласан цэцэг үзэгдэв. Уйлж байх юм. Өд гайхан түүнийг ажиглахад том том нулимс шалан дээр тусан норгоно. Түүний цаана уг нь гайхалтай том сар, гялалзан мяралзах одод харагдана. Тэр юунд гуниглаа вэ? Ямар ч үүлгүй цэлмэг шөнийн тэнгэр байхад. Юунд ийм өндөр дээр сууна вэ? Өд түүнтэй ярих гэсэн боловч залуу өөр тийшээ алхав. Том том нулимс дусалсаар л үлдлээ. Харин залуу энэ үед орой нь ийш тийш шидэлсэн хувцаснуудаа эрнэ. Тэгээд шүүгээгээ нээв. Өдтэй хамт. Гэтэл шүүгээний таазан дээр том гэгчийн солонго татсан байлаа. Солонгын өнгө бүрээр хүүхдүүд дамжин гулган тоглоно. Өд тэдэнд рүү даллав. Хүүхдүүд хариу даллана. Баяр хөөр, аз жаргалаар дүүрэн. Гулгаад л, инээгээд л... Хүүхдүүдийн цангинасан хоолой. Тунгалаг цагаан өнгө. Өд тэднийг сонсон өөрийн эрхгүй инээмсэглэн харцаа салгаж чадалгүй байтал шүүгээ тас хийн хаагдав. Залуу авсан хувцсаа углаад үүд зүглэлээ. Өдтэй хамт. Гэтэл үүдэн дэх гутлын тавиурын дор том гэгч хар нүх байв. Тэнд нэгэн цагаан луу эргэлдэн хөвсөөр л. Юуг ч юм эрэн, тэнүүчлэн байх шиг. Өдийг огтхон ч ажигласангүй. Хар нүх тунгалаг цэнхэр ус болон хувирлаа. Луу эргэлдсээр л. Харин залуу энэ үед нэгэн зүйлийг анзаарав. Тэр цонхоо нээлттэй орхижээ. Гарахаасаа өмнө хаах хэрэгтэй хэмээн бодон цонхны зүг алхлаа. Өдтэй хамт. Цонхоор хартал гадаа цас ширхэглэн хаялж байв. Өд анх удаа гадаах орчныг харж буй нь энэ. Цэнгэг хүйтэн салхи цонхны завсраар үлээхэд өд золтой л хийсчихсэнгүй. Залуу цонхоор хаялах цасыг ч ажирсангүй. Харин цонхны тавцан дээрх талхны үйрмэгийг үлээн унагаах гэж урагшаа тонгойтол гутал нь халтиран урагш нисчхэв. Таван давхраас агаарт жингүйдэн унах түүний мөрнөөс өд сая л хөндийрлөө. Өвлийн цагаан агаарт найган буй цагаан өд. Цагаан цасан дунд. Цагаан... Гэнэт цасны ширхэг бүрд үйл явдал өрнөж байхыг олж харав. Тайван, зөөлөн, дулаахан, тогтуун. Өд хийссээр л.... Гэхдээ газар унасан залуугийн мөрөн дээр дахин буусангүй.
2016.02.13

No comments:

Post a Comment