Tuesday, November 22, 2016

Цас


Би саяхан Орхан Памук-н "Цас" романыг уншлаа. Тэгээд дунд хавиас нь эхлээд өөрт таалагдсан хэсэгүүдээ тэмдэглэсэнээ хүргэе. (бүгдийг нь оруулаагүй) Ойлгомжгүй байх тусмаа л ойлгоход хялбар болох болов уу.

- Хүүхэд байхдаа чи жаргалтай байсан уу?
- Хүмүүс жаргалтай үеэ мэддэггүй шүү дээ. Үгүйдээ л, тухайн агшиндаа мэдэрдэггүй. Олон жилийн дараа би өөрийгөө хүүхэд байхдаа их жаргалтай байжээ гэж бодсон. Гэвч яг үнэндээ худал шүү дээ. Өсөж томроод ч би тийм айхтар зовж зүдэрсэн амьтан болчихоогүй юм билээ. Зүгээр л, аз жаргал гээч зүйлийг бүгдээс илүүд үздэг хүн болоогүй хэрэг.
- Тэгээд чи аз жаргалдаа хэзээнээс анхаарах болов?
Ка "Хэдийнээс ч биш" гэх хэлэхийг хүссэн ч нэг талаар худал болохоор, нөгөө талаар хэтэрхий түрэмгий санагдаад тэгж хэлсэнгүй.

                                                                                  * * * 
Бид бусдын зүрхэн дэхь хайр сэтгэл, зовлон шаналлыг хэр мэдэрч чадах вэ? Гүнзгий зовлонд тарчилж, эргэшгүй хагацалтай нүүрэлдсэн, өөрсдийн маань туулсан мэдэрснээс ч илүү их шаналж тэлчилж яваа нэгнийг бид бүрнээ ойлгож байна гэж яахин хэлж чадах билээ? Орчлонгийн манлай баялгууд, хүчирхэгүүд үлдсэн хэсгийнхээ гай зовлонг хуваалцаж нимгэлнэ гэлээ ч өөрсдийг нь тойрсон мянга мянган зовлонт хүмүүнийг үнэнхүү сэтгэлээсээ ойлгож чаддаг болов уу? Орхан гэгч романч нэгэн яруу найрагч найзынхаа адармаатай шаналалт амьдралын харанхуй булан руу шагайж хараад л ийм зүйлтэй учирч байна. Гэвч түүний мэдрэх, шимшрэх нь ч хэдийхэн билээ?

"Амьдрал минь бүхэлдээ шархдаж хаягдсан, ганцаардмал амьтных шиг санагдах юм. (Кагийн бичсэн нь) Чамайг тийм чангаар тэвэрч, тийм ихээр хилэгнүүлээгүйсэн бол би өдий арван хоёр жилийн хөдөлмөрөө нурааж орхиод эхэлсэн газартаа төгсөхгүй ч байсан юм билүү. Эцэст нь би энд орхигдож, тамираа барсан золгүй амьтан болж үлдлээ. Өөрт оногдсон шаналал зовлонгийн шарх сорви бүхнээ би биедээ тээсээр явна. Гэвч заримдаа надад ганцхан чамайг бус, энэ хорвоо дээрх бүх зүйлээ алдчихсан юм шиг санагдах юм."

Энэ үгсийг зүгээр л уншаад өнгөрч буй би найзынхаа үнэнхүү шаналал зовуурийг бүхэлд нь мэдэрч чадах уу?

                                                                    * * * 

"Битгий эмээ" гэж Ка ахиад ямар ч итгэлгүй хэлээд "Би чамд бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай" гэв.
- Одоо хэлэх үгийг минь сонсож чадах, намайг юу ч ярисан сэтгэл зүрхэндээ өөрийг минь хайрлах шалтгаан хэзээд олчих тийм л эр хүнтэй би амьдарч чадна гэдгээ эхлээд сануулчихъя. 
                                                                                  * * * 

- Хүүхдэд зориулж худалдаж авмаар даавуутай гэж үү?
- Яг ч тийм биш ээ. Гэрийнх нь ерөнхий төлөв тун сүрхий харагдаж байсан. Ингэж тайлбарлая л даа. Нэгэн жаргалтай гэр бүл байжээ. Энэ нь тэд агшин хором бүрт өөд өөдөөсөө маасайж суудаг гэсэн үг биш, манайхан шиг юу ч болоогүй байхад инээгээд байдаггүй хэрэг. Чухам тиймдээ л тэд аз жаргалтай амьдардаг. Тэдний хувьд амьдрал бол хариуцлагатайгаар туулах ёстой үйл хэрэг. Түүнээс биш эндэх шиг үхэж төгсдөг зовлон шаналал, сажилж туулах гачлантай зам биш. Тэдний хариуцлага амьдралынх нь бүх талд илэрч байдаг. Яг л өнөөх хөшгөн дээрх загас, сар гэх мэт дүрсүүд тэдний сэтгэл санааг үргэлж өргөж байдаг шиг.

No comments:

Post a Comment