Friday, December 23, 2016

Гэхдээ... харц уу,

Харц уу, харц... Би амьдралдаа олон харцтай тулгарч үзээгүй л дээ. Гэхдээ... гэхдээ л...
Харц их олон янз. Гүн, нууцлаг, хүйтэн, дулаахан, өнгөцхөн, гэгээлэг, тас харанхуй, хоосон, дүүрэн, гунигтай, хуурамч, үнэмшихүйц, ёроолгүй... эхлэл үгүй бас эцэс төгсгөлгүй...

Түүний нүдрүү харах төдийд л төөрч орхино. Тас харанхуй гүнрүү бүдчин унана, хаанаас яаж ирсэн, хаашаа хэрхэн гарахаа мэдэхгүй, гарц ч үгүй. Тэнд ганцхан зүйл л байна. Тэр бол би. Тэнд ганц "би" л байна. Өөр юу ч алга. Хоосон, харанхуй, хүйтэн. Тас хар. Хэсэгхэн зуур ухаан балартаад, толгой хүчтэй эргэнэ. Би хаашаа ч гүйсэн, хаанаас ч зугтсан, ямар ч ялгаа алга. Өчүүхэн төдий цэг ч олж харагдахгүй. Надаас өөр юу ч үгүй. Өөр юу ч... Би яахаа мэдэхгүй төөрөөд, түнэр харанхуй дунд гүйгээд л гүйгээд л... Мэдэхгүй, гэвч хүйтэн байна, даарч байна. Тэр харцанд гэхдээ би дуртай, таалагддаг. Тайвшрал мэдрэгддэг, тэр юу ч үгүй харанхуйгаас өөр, надаас өөр юу ч үгүй атал, би ганцаархнаа атлаа юунаас ч айж эмээх зүйл байхгүй. Санаж байна. Хүйтэн ч таатай мэдрэмж... Миний голдоо ортлоо даардаг ч, эмээдэггүй харц...
Харин түүнийх дэндүү дулаахан бас бүлээхэн, гэхдээ халуу шатсан биш. Гэнэн, цайлган, хайр... Хайр мэдрэгддэг, гэхдээ өнгөцхөн. Тэнд надаас өөр их олон зүйл бий. Тэнд ганц би биш, жаргаж эсвэл мандаж буй нар, зуны ногоон мод, намрын шаргал навчис, өвлийн цагаан цас, хаврын эмзэгхэн цэцэгс... Тэнд их гэгээлэг зүйлс олон бий. Даанч, тэнд би их айдаг. Юунаас ч юм, яагаад ч юм мэдэхгүй, нэг л түгшүүртэй байдаг. Тийм дулаахан харцнаас би яаж айдас мэдэрч байна аа?
Заримдаа түүний харц их гунигтай болдог. Тэнд гунигаас өөр юу ч байдаггүй. Нөгөө гэгээн сайхан зүйлс хаачсан юм, бүү мэд. Хаа нэгтээ нисэн одсон байх. Тэр харцаараа надруу харахад би дургүй ээ. Миний өр өвдөөд байдаг юм. Өр минь бүр өмрөх шиг болоод, би үг ч хэлэх хүчгүй болдог. Тэр үед тэр харцыг харахгүйн тулд, би түүний харцыг цээжиндээ наан тэврэхээс өөр юу ч хийж чаддаггүй. Надад үг хэлэх ч тэнхэл байдаггүй. Учир нь тэнд дэндүү их, бүр дэндүү их, бараг энэ ертөнцийн хамаг уй гуниг, шаналалыг бүгдийг нь түүний харцанд чихээд хийчихсэн мэт санагддаг. Тэр харцаараа надруу харах уу, миний хүсдэггүй ч хүлээдэг харц...
Түүний харц хоосон, хийсвэр зүйлсээр дүүрэн байсан. Тэнд би байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тэнд маш гүн хөх нуур, шөнийн гүн хөх оддоор дүүрсэн тэнгэр, хоосон завь, хоёр цахлай, дэндүү шигүү ойн гүн дэх харанхуй, хэний ч биш цуурай, дүрлийсэн том сар... Нар гэхдээ байгаагүй. Огт гардаг ч үгүй байсан. Миний тайлбарлах боломжгүй зүйлс их байсан. Би түүний харцруу харах дэндүү дуртай байж билээ. Өдөржин тэр харцыг эрсээр, арай гэж олоод, хэсэгхэн зуур хараад л асар холын аялалд яваад ирсэн мэт бие минь биш ч сэтгэл минь ихэд "ядардаг" байж. Гэхдээ тэр "ядралтандаа" хичнээн хайртай байлаа даа. Намайг огт өөр ертөнцөд аваачдаг байсан. Яагаад дандаа өнгөрсөн цаг дээр бичээд байна вэ гэвэл, төд удалгүй /гуравхан сарын дараа/ тэр харц өөрчлөгдсөн юм. Би бүр огт таниагүй. Миний хайртай харц, намайг "аялуулдаг" харц үгүй болсон байсан. Хичнээн их халаглаж, харууслаа даа би. Одоо ч тэр... би тэр харцыг хичнээн их үгүйлж байгааг илэрхийлэх ч аргагүй. Хайран харц минь.. тэр миний хайртай, намайг аялуулдаг харцыг чухам хаана, яаж яваад, хэнээс болоод гээчихсэнийг би одоо ч ойлгоогүй. Би мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Хэрвээ тэр харц яг хэвээрээ байсан бол уу, байсан бол.. би тэр харцтай хамт заавал гайхалтай дурсамж бүтээх байсан. Даанч түүнийх бусадтай л адилхан, надад юу ч өгч чадхааргүй, ямар ч мэдрэмж төрүүлэхээргүй жирийн л харц болсон байсан юм. Миний халагладаг, өөрчлөгдсөн харц... хайран...
Хуял тачаалаар дүүрсэн харцанд би дургүй ээ. Түүнээс болоод цаад мөн чанар нь бүдгэрээд юу ч харагддаггүй, мэдрэмж төрүүлэх юу ч, бүр юу ч байдаггүй. Ганцхан зүйл л дэндүү ил байдаг. Харамсалтай нь тийм харцнууд хаа сайгүй тэнүүчлэн явах юм даа.
Ер нь ихэнх хүмүүсийн харц их адилхан, "өнгөцхөн" байдаг. Магад ганц надад тэгж мэдрэгддэг ч байж болох. Бусдад өөр харагдахыг үгүйсгэхгүй. Харц бүхэнтэй би холбоотой биш ээ. Хажуугаар зөрөөд өнгөрсөн хүнээс ч мэдрэгдсэн зүйл байж болно. Эсвэл бүр хамгийн ойр дотны минь хүн ч байж мэдэх. Өөр сэтгэлд тод үлдсэн харц даанч санагдахгүй байна. Өрөвдөлтэй юм даа, энэ сэтгэл үү...
Гэхдээ надад яг одоо хэрэгтэй байгаа хамгийн чухал зүйлсийн нэг бол... Намайг хөвүүлж бас живүүлж, хөөргөж бас булшилж, хүчилж бас суллаж, өвтгөж бөс өрөвдөж, сэтгэлийг минь хэмхэлж хэдэн хэсэг тасчин хаяаад, сэхээрч ч амжаагүй байхад эргүүлэн тэднийг нийлүүлж, ухааныг минь урагдтал тарчлан тамлан зовоож, уур уцаар гэж юу байдгийг ч умарттал эргээд л энэрэнгүй сэтгэлээр энгэртээ наан эрхлүүлж, тэртээ холын тэнгэрийн оронд аваачин одон дээр суулгаад оройжин ярилцан, тэндээс үсрээд л далайн гүндэх ёроолруу шумбан гунигт бодлуудаа хуваалцан, тэсэлгүй бие биенээ ч хөнөөж чадахуйц, тийм л их зүйлсийг өгөхүйц тэгэхдээ бас авахуйц, үгээрээ ч илэрхийлэх боломжгүй бүхнийг үйлдлээрээ өмнө минь бүтээж бас нурааж, өөрийгөө алдтал минь төөрүүлж бас шинээр төрүүлж, өрөөлийг марттал өөрөөрөө өвчлүүлж, эхлэл ч үгүй, өрнөл ч үгүй, төгсгөл ч үгүй...  өөр нэг ертөнцөд аваачихуйц бас өөрийн минь ертөнцөд амьдруулахуйц, эрүүл ухаанаар бодох ч тэнхэлгүй болтол дотрыг минь согтоон, эргээд л бүхнийг хэвэнд нь оруулахуйц хүчтэй басхүү сул дорой, хүйтэн бас дулаан, хайрж бас хайлуулдаг... Тийм л... тийм нэг л... ХАРЦ... хажууд минь байхгүй ч хамтдаа байдаг тийм харц... хэрэгтэй ч, надад одоо хэрэггүй ээ...

No comments:

Post a Comment