Tuesday, December 27, 2016

Хөврөх асуулт #2

Хорин нас дөнгөж гарав уу, үгүй юу л хүмүүс "За одоо хурдан хүнтэй суугаад хүүхэд гарга, залуу байгаа дээрээ эртхэн амьдралаа бод" гэх юм. Манай найзууд, миний үеийн танилууд бүр миний доод үеийнхэн хүртэл амьдрал зохиогоод хүүхэд шуухад гаргаад эхэлчихсэн нь үнэн л дээ. Гэхдээ хүн бүр адилгүй. Яахав үнэхээр нэг нэгнээ олоод, ирээдүйдээ итгэлтэй байгаа, хариуцлагаа ухамсарлаад явж чадна гэж бодож байгаа хүмүүс нь хамаа алга гаргаж л байг л дээ. Хөөрхий тэднийг зарим нь бас "Сурч боловсрох насан дээрээ байж хүүхэд шуухад гаргалаа, сайхан хайран залуу нас, хийж бүтээх ёстой байсан" ч гэнүү. Яагаад хүмүүс яг өөрсдийн гэсэн үзэл бодолгүй байгаа юм бэ? Яагаад тэд зөвхөн нийгмийн хэвшмэл ойлголт ухагдахуунаар яваад байна? Яагаад тэд өөрсдийнхөөрөө шүүн бодож тунгааж, цэгнэж болдоггүй юм? Яагаад тэд юмыг дандаа өнгөцхөн харж, өнгөц хүлээн авдаг юм?
Би энэ гэр бүл зохиох, хүүхэд энэ тэр гэсэн сэдвээс үнэндээ халгадаг. Надад хамаатай ч огт хамааралгүй сэдэв. Би хэнтэй ч энэ талаар ярилцахыг хүсдэггүй. Хүмүүс яриад л эхлэнгүүт аль болох сэдвээ хурдан өөрчлөхийг хичээдэг. Зарим итгэл төрүүлдэг хүмүүстээ бол энэ тухай ямар бодол тээн явдгаа шуудхан хэлдэг. Яагаад бүгдэд хэлдэггүй вэ гэхээр үүнийг маань ойлгож хүлээн авах хүн тун ховор. Тэр юу вэ? гэхээр..
Чи энэ ертөнц дээр хүн төрүүлэхээсээ өмнө өөрөө эхлээд ядаж хүн болох хэрэгтэй. Өөрийгөө олж нээн, өөрийн гэсэн ертөнцөө үүсгэн түүндээ амьдарч, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай болох хэрэгтэй. Ямартай ч өөрийгөө тултал нь "ухах" хэрэгтэй. Би хэн бэ? Би юу хүсдэг юм? Би юуны төлөө амьдарч байна? гэх мэт энгийн атлаа эцэс  төгсгөлгүй асуултуудаар өөрийгөө булаад үз. Амьдрал угаасаа ямар ч утга учиргүй, гэхдээ түүнийг учир утгатай болгодог зүйлс бий. Яагаад чи ер нь амьдраад байгаа юм? Чи амьд байна уу эсвэл амьдарч байна уу? Зүгээр л оршин тогтноод байгаа юм биш үү? Яг жинхэнэ утгаараа амьдарч чадаж байна уу? Бүх зүйл нэгэн хэвийн, уйтгартай, өдөр бүр нэг зүйлээ нэг давтамжтай хийж байж, бүхнээс залхаж байж чи яагаад өдий болтол амьдарсаар л байгаа юм? Юуны төлөө? Яах гэж?

Японы нэрт зохиолч, яруу найрагч Рюноскэ Акутагава нэгэнтээ "Хүний амьдрал өөрөө тамаас илүү тамлал юм" гэсэн байдаг. Ерөөс бид энэ дэлхий дээр зовох гэж л ирдэг. Өвдөж үзээгүй, уйлж үзээгүй, зовж үзээгүй хүн нэг ч үгүй. Эхнээсээ эцэс хүртэл хэзээ ч ирэхгүй, юуг ч юм хүлээж энэ насаа өнгөрүүлдэг. Тэр хугацаандаа нэг нэгнээ өвтгөж, өрсөлдөн арцалдаж, атаа хорсол, уур уцаар, увиагүй зан, урвалт, үзэн ядалт зэрэг олон муу зүйлсээр өөрсдийгөө хүрээлүүлж, сүүлдээ бүр түүндээ уусан шингэдэг. Бүх зүйлийн мөн чанарыг таниад, утга учиргүй энэ аймшигт ертөнцөөс явахыг хүссэн ч, бүр хүссэнээ ч хийж чаддаггүй. Яагаад? Бусдад хоргодоод. Өөрийгөө биш өрөөлийг бодоод. Тэгэхээр бид яг хэний төлөө амьд байна? Өөрийнхөө юу эсвэл өөр хэн нэгний төлөө юу? Өөрийнхөө төлөө амьдрах зөв юм уу? Өрөөлийн төлөө амьд байх хэрэгтэй юм уу? Эхлэл үгүй бас эцэс төгсгөлгүй үргэлжлэх эдгээр асуултуудад хариулах үнэн ч гэж үгүй. Үнэн үгүй бол бүх зүйл худлаа гэж үү? Гэвч үнэн гэж байхгүй бол худлаа ч гэж байхгүй. Учир нь худлаа бол үнэний нөгөө тал. Нэг тал нь байхгүй бол нөгөө тал гэж үгүй. Тэгвэл үнэн биш бас худал биш гэвэл, үнэн худал хоёрын голд юу байдаг гэж? Нэгэнтээ ийм аймшигт, харгис хатуу хорвоо ертөнцөд би хэнийг ч "авчрахыг" хүсэхгүй байна. Хэн нэгний, хаа нэгтээ тэнүүчлэн явж байгаа амарлингуй сүнсийг физик биед шилжүүлэн түүнд хорьж цагдан, зовон тарчлаах, дур зоргийг нь боон боомилох. Би тийм "нүгэл" үйлдэхийг хүсэхгүй бас чадахгүй. Угаас энэ гайтай зовлонт хорвоод авчирчихаад дээрээс нь үгүйсгэж, ямар нэг зүйл тулган шаардах шиг аймшигт харгислал өөр бий гэж үү?

За ийм гутранги /миний хувьд гэхдээ гутранги биш, бодит үнэн/ үзлээр бодолгүй бусдын яриагаар, нийгмийн хэвшмэл ойлголт болсон өнөөх "Хүн болж төрөх зүүний үзүүр дээр тогтсон шар будаа" ч билүү нэг тиймэрхүү юмаар нь авч үзээд би хүүхэд төрүүллээ гэж бодъё. За, би хүүхэд төрүүлчлээ. Одоо яах уу? Миний амьдрал тэр чигтээ тэр "хүн"-ээс хамааралтай болно. Би бүх цаг зав, хүсэл сонирхол, ажил мэргэжил гэх мэт өөрийн гэсэн бүхнээ түүнээс болж золиосолж бас зориулж чадах уу? За, яалт ч үгүй өөрөө зовон барин, уйлан хайлан өврөөсөө унагасан юм болохоор чадахгүй байсан ч чадах ёстой болно. За, чадлаа гэж бодъё. Бид хамаг юмаа золиослоод, өөрийгөө умартаад яаж ийгээд нөгөө "хүн"-ийг өсгөлөө, том болголоо. Цэцэрлэг, сургуульд орууллаа. Тэр "хүн" том болохын хирээр түүний ертөнц бас томорно. Нэг ёсондоо би өөрийн гэсэн ертөнцтэй, үзэл бодол, байр суурьтай "хувь хүн". Гэтэл өнөө "хүн" чинь надаас төрсөн ч гэсэн бас л өөр нэг "хувь хүн", өөр нэг "ертөнц" бий болно. Бид яаж ч өөрийнхөөрөө хүмүүжүүллээ гэсэн биднээс хамаарахгүй зүйл гэж бас бий. Үүн дээр юу үүсэх вэ? гэхээр ЗӨРЧИЛ. Мэдээж өөр хоёр "ертөнц" зөрчилддөг, нэг нэгтээ бие биенийхээ үзэл бодлыг тулгаж, өөртэйгөө адил ертөнц үүсгэх эсвэл өөрийнхөө ертөнцөд амьдрахыг шаардана. Би үүнийг хүлээж авч чадах уу? Би үүнийг түүнд тулгахгүй байж чадах уу? Бид түүний оршихуйг бүтээсэн атал тэр бидний хүссэнээр биш тэс хөндлөн ертөнц үүсгэчихсэн, түүндээ ганцаараа амьдармаар байна гэвэл  яах вэ? Зөвшөөрөөд явуулж чадах уу? Түүнд өөрсдийгөө хамаатуулахгүй байж чадах уу? Түүнээс юу ч харалгүй тайван, өөрийхөөр нь байлгаж тэвчих үү?  Үгүй. Мэдэхгүй. Ямартай ч би чадна гэж хэлж чадахгүй. Учир нь хэн нэгэн этгээд миний ертөнцөд дур зоргоороо халдан, юуг ч юм тулган шаардахыг би тэвчихгүй. Үүнтэй адил тэр ч бас үүнийг тэвчихгүй шүү дээ. Адилхан л хүн хойно. Гэхдээ, би бас түүнийг бусадтай л адилхан хэвшмэл ойлголттой, юмыг өнгөцхөн авч үздэг болохыг ч хүсэхгүй. Хэрэв тийм болвол би бас л өөрийн гэсэн ертөнц үүсгэхийг түүнээс шаардах байх. Яагаад ч надаас гарсан "зүйл" тийм болох ч учиргүй. За тэр. Ингээд л эхэлж байгаа биз. Би түүнд тулгаж байна. Ийм л учраас, ийм л учраас би өөрөө их хэцүү хүн учраас бас би түүний "ертөнц"-д юу ч тулгалгүй хүлээн зөвшөөрч, юу ч нэхэлгүй, түүндээ амьдрахад нь садаа болохгүй харин ч хөгжихөд нь тусалж чадах эсэхдээ маш их эргэлзэж байгаа учраас би хэнийг ч энэ "гайхалтай" ертөнцөд авчрахыг хүсэхгүй байна. Үүнээс гадна өөр нэг том асуудал гэвэл хариу нэхэлт. Энэ бол бараг бүх гэр бүлээс ажиглагддаг. Хэн ч энэ дэлхий дээр өөрийнхөө дураар ирье гэж ирдэггүй. Хүмүүс л өөрсдөө хүсэж эсвэл хүсээгүй ч ямар нэг байдлаар ахиад л "хүмүүс" авчирдаг. Тэгээд өсгөж хүмүүжүүлээд, нас бие гүйцсэн хойно нь хариу нэхдэг. "Би чамайг төрүүлсэн, бид чамайг өсгөж хүн болгосон, чи тэгэх ёстой, чи ингэх ёстой, бид чиний хувьд бурхан учир нь чамайг авчирсан, чи бидний үгээр бидний хүссэнээр л явах ёстой" гэх мэт хүүхэд-дээ маш их зүйл тулган шаардаж, хариу нэхдэг. Яагаад? Анхнаасаа түүнийг хүлээн зөвшөөрч, өөрөөрөө байх боломжийг нь хязгаарлах байсан бол яах гэж энэ аймшигт хэрцгий газар авчирсан юм? Хэн ч намайг төрүүлээд өсгөөд өгөөч ээ ээжээ ааваа гэж гуйдаггүй. Өөрсдийнхөө дураар төрүүлж, өсгөчхөөд дараа нь яагаад тэр хүнээс хариу нэхээд байгаа юм? Яагаад түүнийг өөрсдөд нь өртэй юм шиг сэтгэгдэл хар багаас нь төрүүлдэг юм? Яагаад? Хэрэв хэн нэгнийг төрөхөөс өмнө түүний саналыг сонсдог бол үнэндээ энэ хорвоод хэчнээн хүн байх байсан бол? Ер нь хүн байх байсан уу?
Үнэхээр хүмүүс өөрсдийнхөө хүсэл зоргоор л тэр "хүн"-ий оршихуйг бүтээчхээд дараа нь ирэх асар том хариуцлага бүхнийг ухамсарладаггүй. Гэтэл хамгийн чухал зүйл нь тэр шүү дээ. Хүмүүсээс "Яагаад хүүхэдтэй болсон юм?" гээд асуугаад үзээрэй ихэнх нь "Хүүхэд хөөрхөн шүү дээ, хөөрхөн санагдаад", "Дараа нь чамд хэрэгтэй шүү дээ, чамайг хөгширсөн хойно харж хандах хүн байх хэрэгтэй" эсвэл "Хүүхэд төрүүлэх нас болчихсон" ч гэдэг юмуу дандаа нэг иймэрхүү наахнуур хариулт өгнө. Хариулт бүрийн цаад мөн чанар нь ердөө өөрийгөө бодсон өчүүхэн үзэл. Тэд өөрсдийгөө л бодсон байна. Өнөө гарч ирэх хүнийг бодож уу? Түүний үүсгэх ертөнцийн тухай бодсон уу? Харамсалтай нь үгүй.

/Одоогийн байдлаар хүүхдийн тухай миний үзэл бодол ийм л байна, цаг хугацаа улирах тусам мэдээж хүн л хойно өөрчлөгдөж болзошгүй. Эсвэл хэн нэг "сахиусан тэнгэр" гарч ирээд орвонгоор нь эргүүлээд хаячихыг ч үгүйсгэхгүй ээ/

No comments:

Post a Comment