Monday, January 2, 2017

Ж. Бодьбаатар: Хүн уншсаны хирээр сэтгэдэг


МУАЖ, найруулагч Г. Жигжидсүрэн гуайн дунд хүү болох олон улсын сэтгүүлч, урлаг судлаач Ж. Бодьбаатартай хоёрдугаар курсдээ хийж байсан ярилцлагаа орууллаа. 
-Мэдээж эхний асуулт яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?
-Хүмүүнлэгийн их сургуульд анх элсэж байхад би 16 настай байсан юм. Одоо эргээд харахад тухайн үед өөрийн сонголтыг хийх ухамсар хараахан бүрэлдээгүй байсан юм болов уу. Ямар ч байсан юм бичдэг, бүтээлч хүн болно гэсэн бодолтой минь магадгүй олон улсын сэтгүүлч гэдэг нэр их нийцсэн юм шиг байгаа юм. Түүнээс биш яг сонины сэтгүүлч эсвэл телевизийн сэтгүүлч болно гэсэн эрмэлзэл бол байгаагүй.
-Сэтгүүлч мэргэжлээрээ ажилласан уу?
-Сургуулиа төгссөний дараа яг ч шууд сонин, сэтгүүл, телевиз радио гэх мэт олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиллаагүй. Аригү гэж PR агентлагт төгсөх курст байхдаа түр ажилласан. Тэгээд ч сургуулиа төгсөөд Анкарагийн их сурууль руу суралцахаар явсан болохоор тийм боломж ч гараагүй. Харин Турк улсад оюутан байхдаа аавын шахалтаар орчин үеийн кино урлагийн хандлага, найруулагчид болон Туркийн утга зохиол тэр тусмаа Орхан Памукын тухай нийтлэл, эссег сонин сэтгүүлд бичиж хэвлүүлж байсан. Төгсөж ирснийхээ дараа нэг хэсэг телевизээр орчин үеийн дэлхийн киноны хандлагыг тодорхой найруулагч дээр тулгуурлан танилцуулах зорилгоор 10 гаруй цуврал нэвтрүүлэг эрхлэн бэлтгэсэн. 
-Энэ мэргэжлийг сонгон суралцах үед аав тань хэрхэн хүлээж авсан бэ? Сэтгүүлчийн мэргэжил мөн л урлагийн ажил гэж би боддог.
-Аав лав хувьдаа сэтгүүлчийн мэргэжлийг сонгосонд дэмжиж байсан гэж боддог. Ялангуяа Д.Цэмбэл, Д.Цэнджав зэрэг зөвхөн сэтгүүлч бус бүтээлч сэтгэлгээтэй, зохиолч хүмүүс бидэнд багшилдаг байсан нь нөлөөлсөн болов уу. Сэтгүүлч гэдэг миний бодлоор заавал сурч эзэмшдэг мэргэжил биш гэж боддог. Магадгүй академик талаас нь сэтгүүлзүйг заах нь тухайн хүний бүтээлч сэтгэлгээг улам хумих сөрөг талтай ч байж болох юм. Би лав хувьдаа хүн уншсаны хирээр сэтгэдэг буюу бичдэг гэдэгт итгэдэг. Тийм болохоор сэтгүүлч болохоор эрмэлзэж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд аль л болохоор их унших хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг. 
-19 нас хүртлээ сагс тоглосон гэсэн, яагаад гэнэт ном, кино, урлаг болон сэтгүүл зүйг сонирхох болсон бэ?
-Би бага байхдаа төдийлөн ном уншдаггүй болж л өгвөл тоглож зугаацахыг боддог хүүхэд байсан юм. Харин миний ихэр их ном уншдаг, зураг зурдаг, кинонд тоглодог надтай харьцуулбал хамаагүй сэхээтэн”, “оюунлаг хүүхэд байсан. Тийм болохоор аав ихрийг маань их магтдаг намайг болохоор дотроо гоочилдог байсан болов уу (инээв). Би ном гэхээс илүүтэй сагсан бөмбөгд амиа тавьдаг хүүхэд байсан юм. Ямар сайндаа л аавын номын сан нь байрладаг бичгийн өрөөг нь би сагс тоглодог өрөө болгож хувиргаад ханаар нь дүүрэн Майкл Жорданы плакат наачихсан байхав (инээв). Аавын заавал уншаарай гэсэн Габриел Гарсиа Маркезийн Зуун жилийн ганцаардал романыг ширээнийхээ буланд тавьчхаад аавыг өрөөнд орж ирэхээр нь уншиж байгаа мэт дүр эсгэдэг байж билээ (инээв). Уншаад ч миний сонирхлыг татахгүй, их л ойлгомжгүй роман санагддаг байсан. Дээр нь урьдахаа дуусгаагүй байж бүр төвөгтэй Михаил Булгаковын Мастер Маргарита хоёр-ыг эхлүүлснийг нь яана гээч (инээв). Иймэрхүү байдалтай л миний бага нас өнгөрсөн шиг байгаа юм. Харин 18,19 настай болоод буюу 3,4 дүгээр курсэд байхаас л аавын унших ёстой ном, үзэх ёстой хөгжим гэх сонгодог голдуу бүтээлүүд сонирхлыг минь бага багаар татаж эхэлсэн юм даг. Гэхдээ унших, үзэх тоолонд улам л ойлгомжгүй, содон санагддаг байж билээ. Тэр үеэс л Д.Урианхай гуайн Учрахуй хагацахуй роман болон ганц бие хүний хөдөлгөөнийх нь тунхаг, эссенүүдийг уншиж надад их нөлөөлж байсан нь санагддаг. Цэмбэл багш нэг хичээл дээрээ Урианхайгын сэтгэлгээ зохиолчдын хорооны байшинг хол даваад явчихсан гэж хэлж байсныг одоо хүртэл мартдаггүй юм. Ер нь Цэмбэл багшийн академик бус боловсрол буюу эсэргүү, шүүмжлэлт хандлага надад их нөлөөлсөн гэж боддог. Өглөөний анхны хичээлийг Зуун жилийн ганцаардал-аас ишилж эхлэх, Азиз Несиний Монголд айлчилсан тухай хууч хөөрөх, Сахаровтай хийсэн ярилцлагынхаа тухай дурсах, улс төр болоод нийгмийн байдлыг хурцаар шүүмжлэх нь надад их таалагддаг байсан. Миний ой тоонд лав зарим уйтгартай хичээлүүдээс Цэмбэл багшийн иймэрхүү эсэргүү амьд ярианууд илүү үлдэж.   
-Оюутан цагийн Бодьбаатар, одоогийн Бодьбаатар? Хэр их өөрчлөгдсөн бэ?
-Мэдээж үзэл бодлын төлөвшил, мэдлэгийн цар хүрээний хувьд их өөрчлөлт гарсан нь тодорхой. Залуу насны дэврүүн, гэнэн, идеалист Бодьбаатартай харьцуулбал арай буурьтай, хашир, прагматик Бодьбаатар болж өөрчлөгдсөн байх. Харин сэтгэлийн гүн дэх эргэлзээ, юм бүхнийг сонирхдог сониуч зан минь төдийлөн өөрчлөгдөөгүй болов уу.
-Оюутан байхдаа хэр нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бэ?
-Юм болгонд оролцоод явдаг нийгмийн хонгор байгаагүй ээ. Спортын уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зэрэгт л оролцож байсан төдийхөн. Түүнээс биш ямар нэг бүлэг нэгдэлд гишүүнээр элсэх зэрэг идэвх гаргаж байснаа санахгүй байна. Анги дотроо харин хичээл заах арга барилын хувьд шүүмжлэлтэй ханддаг байсан нэг багшаар хичээл оруулахгүй гэж уриалж гарын үсэг цуглуулж байсныг санаж байна. 
-Оюутан насныхаа нөхөрлөлийн тухай яривал?
-Манай сургууль эмэгтэй нь их, эрчүүд нь цөөнөөрөө алдартай шүү дээ. Тийм болохоор хэдэн эрчүүдийнхээ ихэнхтэй нь мэндийн зөрөөтэй байсан. Би дандаа эрчүүдийн дунд өссөн болоод тэр үү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцахыг мэддэггүй ичимхий талдаа хүн учраас ангийнхаа ганц залуутайгаа л илүү нөхөрлөдөг байсан.
-Турк улсын Анкарагийн их сургуулийг урлагийн түүхч мэргэжлээр төгссөн. Яагаад энэ мэргэжлээр суралцах болсон бэ?
-Тохиолдлоор гэх үү дээ. Турк улс руу оюутан сургахаар шалгалт авч байна гэхээр нь шалгалтыг нь өгөөд л тэнцчихсэн. Нөгөө л юм унших, бичих сонирхол буюу утга зохиол, кино, хөгжимд татагддаг байсан минь л намайг хөтөлсөн байх.
-Монгол Турк оюутнуудын ялгаа нь?
-Миний сурсан факультет хэл, түүх, газарзүйн гэж нэртэй нийгэм, хүмүүнлэгийн ухааны бүхий л чиглэлийг хамарсан газар байсан юм. Тийм болоод ч тэр үү оюутнууд нь нийгэм улс төрийн итгэл үнэмшил, үзэл санаагаараа хуваагдсан, байнга шахуу тэмцэл сөргөлдөөн гаргадаг байсан. Миний нөхөрлөдөг найз нар маань гэхэд голдуу зүүний чиглэлийг дэмждэг анархист, коммунистууд байсан юм даг. Нэгээс нь Бакунин, Кропоткин нөгөөхөөс нь Марксист үзлээр бичигдсэн номууд авч уншдаг байсансан. Манай оюутнууд академик буюу шүүмжлэлтэй, онолын талаас хандсан ном, эх сурвалж уншиж аливаа зүйлд ултай дүн шинжилгээ хийхээс илүүтэй практикт чиглэсэн, прагматикт суурилсан бичвэрүүд уншиж байх шиг санагддаг. Тухайлбал хэрхэн баяжих вэ, хэрхэн уран илтгэх вэ зэрэг академик ертөнцөд байж боломгүй зүйлд шимтэж хамгийн аюултай нь нийгмийн тогтоц, процессыг шинжилж шүүмжлэлтэй хандах бус харин ч одоогийн тогтолцоонд хөлөө яаж олох вэ гэсэн явуургүй үзлээр хүмүүжээд байх шиг анзаарагддаг.
-Монголд оюутан байх, Анкарад оюутан байх ялгаа нь юу вэ?
-Мэдээж асар их ялгаа бий. Өөр дээрээ тулгуурлаад яривал би лав Анкарад байх хугацаандаа бараг л лам шиг амьдарсан (инээв). Нэгэнт унших, үзэх харах зүйл Монголтой харьцуулбал хамаагүй өргөн сонголттой учир тэр бүгд рүү л өлөн чоно шиг л дайрсан даа. Урд нь зөвхөн дуулах төдий байсан ном зохиол бүгдийг уншиж, киног үзэж, хөгжмийг сонсож эхэлсэн. Анхандаа мэдээж юунд нь мундаг нь байгааг ойлгохгүй хирнээ л уншаад, үзээд байсан. Тарковскийг агуу, Пинк Флойдыг тасархай, Камюг солиотой л гэж дуулж байсан боловч яг юу нь тийм агуу, тасархай, солиотой гэдгийг ухаарахгүй хэсэг явсан (инээв). Гэвч тодорхой хугацааны дараа хүмүүсийн хэлсэн, айлдсан бүхэн үнэн биш харин өөрийн оюун болоод сэтгэлээс тунаж үлдсэн нь үнэн юм байна гэдгийг ухаарсан. Өөрөөр хэлбэл ухамсар төлөвшиж, бүрэлдэж эхэлсэн үе юм даа. Интернет үгүй, хотын захад дуу чимээнээс ангид бараг тусгаарлагдсан орчинд хэдэн ном, кино, хөгжим дунд лам шиг зожгирч өнгөрөөсөн тэр хэдэн жилээ үргэлж баяртайгаар дурсдаг.  
-Анкара дахь тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач
-Хуучин номын дэлгүүрт одоо хүртэл холбоотой байдаг найзтайгаа Рэдиохэд хамтлагын хөгжмөөр далимдуулж танилцсан,  автобусанд ч суух мөнгөгүй болчихоод хотын захад байдаг гэр рүүгээ өвлийн хүйтэнд 2 цаг гаруй алхсан, сургууль дээр анх танилцсан нэг оюутны би Маоист гэж өөрийгөө танилцуулсан, анхны хичээл дээр багшийн маань сайн байна уу гэж Монголоор мэндэлсэн гээд олон мартагдашгүй дурсамжууд бий.  
-Оюутан насны тань зорилго, мөрөөдөл юу байсан бэ, одоо тухайн үеийн зорилгодоо хүрсэн үү?
-Би өөртөө сүрхий зорилго тавиад түүндээ хүрэх гээд төлөвлөгөө зохиогоод байдаг хүн биш л дээ. Аль болох ихийг унших тэр хэмжээгээрээ мэдэх шунал цаашилбал амбиц л байсан байх. Номыг нь шимтэн уншиж хүндэлдэг зохиолч судлаачид шиг л болох юмсан гэж мөрөөддөг байсан даа. Гэвч амьдрал өөрийн жамтай юм болохоор нэг мэдэхнээ л судалгааны академик бус захиргааны ажил хийгээд эхэлчихсэн байх юм. Гэхдээ академик замналаар явах хүсэл эрмэлзэл үргэлж төрдөг хэвээрээ.
-Одоогийн оюутан залуусын сэтгэхүй, хувцаслалт, биеэ авч яваа байдал зэрэг нь таны оюутан байсан үеэс хэр их өөрчлөгдсөн байна?
-Одоогийн гэлтгүй манай оюутнууд нийтлэгээр их зохимжгүй хувцасладаг шиг санагддаг. Хэт дэгжин, албархаг хувцаслалтын хэв маягийг сонгоод байна уу даа гэж анзаарагддаг. Хүн муу хэлэлтгүй би ч гэсэн цагтаа хичээл дээрээ костюм өмсдөг тэр бүү хэл зангиа зүүдэг байсан. Одоо эргэж бодохоор ичмээр, санаа зовмоор. Гадаадад оюутнууд хэзээ ч манайхан шиг албархаг хувцасладаггүй. Харин ч хамгийн энгийн бөгөөд биед эвтэйхнээр хувцасладаг. Хувцаслалт нь тухайн хүнийг хэн гэдгийг буюу цаашлаад сэтгэхүйг нь илтгэдэг гэж би боддог. Туркэд очоод нэг мэдэхнээ л үс минь шилэн хүзүүгээ давчихсан, хөлөндөө халтар гутал жийдэг болчихсон байсан. Гоёж гоодох биш толгойдоо л юм хийхийг боддог байсан болохоор хувцаслалтандаа ч анхаарахаа больчихдог, тоодоггүй болчихдог юм билээ. Тэр бүү хэл анх очоод чамгүй үнээр авч байсан манайхны хэлдгээр брэндийн нэг жийнсэн цамц өмссөнөөсөө болж нэг анархист найздаа буржуаз буюу хөрөнгөтнөөрөө дуудуулж чамгүй зэмлэл хүртэж байсан минь санаанаас гардаггүй юм. Тэр найз маань өөрөө сахал үсэндээ баригдсан, харсан хүн бараг гуйлгачин гэмээр төрх, хувцаслалтай нөхөр л дөө. Гэвч өөрийнх нь хувийн номын сан нь дундаж сэхээтнээс дээгүүр зиндааных буюу лав 500-аад номтой гээд бод доо. Ер нь гаднах хэлбэрт буюу хувцаслалтанд хэт анхаарна гэдэг бол миний хувьд мунхагын л нэг илрэл. Надад лав одоогийн залуусын хувцаслалт таалагддаггүй.   
-ХИС-н оюутан байхад тань ямар нэгэн багш урмын үг мэдээж хэлж байсан л байх, хамгийн сэтгэлд гүн үлдсэн, тухайн үедээ их урам зориг авсан үгийг хэн хэлж байсан бэ?
-Сэтгэлд гүн үлдсэн урмын үг ер санаанд орж ирэхгүй юм. Тэгэхээр тийм ч сайн оюутан байгаагүй юм болов уу даа. Харин нэгдүгээр курсэд байхад Цэмбэл багшийн өгсөн зохиомол ярилцлага хийх даалгаврыг хангалтгүй хийснээс болж зэмлэл хүртэж байснаа бол сайн санаж байна. Хэвшмэл, нийтлэг хандлагаас аль болох зайлсхийж бүтээлч, содон зүйл сэдэж бичиж байхыг л чухалчилдаг байсан нь надад сайн сургамж болсон.
- Өөрийнхөө оюутан насны амьдралыг ямар жанрын киногоор дүрслэх бол?
-Яг оноогоод хэлчих зүйрлэл олдохгүй байна. Гэхдээ хэмнэлийн хувьд Жим Жармушын кинонууд шиг л байх байсан болов уу.
2013.04.03 

No comments:

Post a Comment