Thursday, December 1, 2016

Шилэн доорх цэцэгс

Түүний сэтгэл дотор юу байдаг бол?  Завсраар нь чимээгүйхэн ажвал, цасны шалбааган дээр тунарч үлдсэн нойтон шаргал навч, бас шороотой хутгалдан замын захад хөсөр хаягдсан гунигийн шаргал өнгөтэй навчсууд. Өөр юу байна? Шилэн хорго. Дотор нь маш тунгалаг зүйл. Тэр бол нулимс юм байна. Дэндүү эмзэг юм, бараг хүрэх нь байтугай ширүүхэн харах төдий л бүх зүйл нь хагарч бутраад юу ч үгүй болчихоор. Гэхдээ л гайхалтай, хараад л баймаар үзэсгэлэнтай харагдаж байна. Энэ зүйл яг тэн голд байх чинь. Тэртээ буланд харин нэг бяцхан охин өвдгөө тэврэн суучихаж. Их л гунихарч дээ хөөрхий охин, түүнд юу тохиолдсон юм бол. Царай нь харагдахгүй, нусаа байн байн татах нь сонсогдохыг бодвол уйлж л суугаа бололтой. Жиндүүхэн юмаа, даарч байна. Салхигүй ч дэндүү хүйтэн байна. Хүйтнийг тэсвэрлээд ахиад жоохон ажиглая байз. Өөр юу байна? Ядаж байхад их бүүдгэр юмаа. Хааяа л гэрэл асч унтардаг бололтой.
Хөөх, зун байна. Нов ногоон мод байна. Сонин л юм. Бас навчис нь гунигтайгаар унан нүцгэрсэн мод ч байх юм. Хүчтэй салхи гарахад л үлдсэн хэдэн навчис нь хийсэх болтой. Дээр тэнгэр байх ба дэндүү гүн хөх агаад үй олон однууд гялтганан харагдаж буй. Хязгаар гэж үгүй мэт. Мөн томоос том, гүнээс гүн цэнхэртэн харагдах нуур үзэгдэнэ. Тодоос тод гялалзах одод тунгалаг авч уйтай юм. Мэлтэлзэн харагдах нуур харин тун чиг нууцлаг юм. Тэнд чухам юу байгаа, тийшээ орвол хаа хүрэхийг мэдэх хүн ер үгүй. Харин гишгэж буй газрыг харахад, үзэсгэлэнтэй гоёмсог цэцгүүд дээр шил тавьж. Харахад тун эмзэг харагдах тэдгээр нь үнэндээ хүчтэй солир буусан ч үл хагарах, бүхний даахуйц хүчтэй. Сонирхолтой юмаа бас гунигтай юм…

2016.10.06

No comments:

Post a Comment