Friday, December 2, 2016

Хөврөх асуулт #1

Хүн ер нь төрснөөсөө хойш, үхэх хүртлээ ойролцоогоор хэдэн хүнтэй танилцаж, нөхөрлөдөг бол? Хүний амьдралд хичнээн хүн орж гаран, эргэлдэж байдаг бол? Тэр хүмүүс юу үлдээж бас юуг авч явдаг юм? Чи ч гэсэн хэн нэгний амьдралд ороод гарахдаа юу үлдээдэг вэ, юу үлдээсэн бэ? эсвэл юуг нь авч одсон бэ? Зүгээр л гудмаар өнгөрөх хүн надад инээмсэглэл бэлэглэх ч үүнд тооцогдоно, эсвэл хялам хийсэн харц ч юм уу. Огт танихгүй хүмүүс /танилцах ч үгүй/, яагаад ч юм мэдэхгүй хэдхэн үг солидог. Тэгээд л боллоо. Яваад өгнө. Ахиж тааралдахгүй. Магад таарсан ч танихгүй. Гэхдээ холбосон хэдхээн ширхэг үгээрээ чамд асар их зүйлийг бодогдуулж, магад тэр нь чиний амьдралд томоохон өөрчлөлт ч гаргахаар хүчтэй, гүн утгатай үгс байж болох. Насан туршдаа дурсаж явах үл таних этгээд. Чамайг бодолд автуулсан нэгэн. Гэтэл бүр эсрэгээрээ, үргэлж хамт байж чиний амьдралд оролцдог хүмүүсийн үгний үнэ цэнэ хэр вэ? Тэдэнтэй чи үргэлж л үзэл бодлоо солилцож, ярилцдаг. Гэвч тэдний үг чамд хүчтэй нөлөөлж, бодолд автахад хүргэж, ямар нэг өөрчлөлт авчирдаг уу? Мэдээж л дээ. Тун ховор л байх даа. Ухаарал, харуусал. Буруу үгний бус, зөв үгсийн утгыг ухаж ойлгоосой гэж л хүснэм. Хүмүүс орж ирж л байдаг. Гарч явж л байдаг. Тэднээс авах мэдрэмж бас их чухал ч юм шиг. Харах төдийд л төөнөх халуун. Үргэлж хамт байснаар магад юу ч мэдрэхээ болих. Хэцүү еэ. Тэгээд яах ёстой юм? Удах тусам мэдрэмж нь буурч, үг нь үнэ цэнгүй болох уу? Яагаад тэгдэг юм? Эсвэл цаг хугацааг анхных дээр нь зогсоочих л доо. Тэр дэмий юм байна. Тэгэхээр бүр утгагүй. Би үргэлж мэдрэмжиндээ автаж аливаа зүйлийг хийдэг учир юу ч мэдрэхээ болихоос хамгийн их айдаг. Хүмүүс бүгд л мэдэрдэг. Зарим нь зүгээр л юуг, яаж мэдэрч байгаагаа л мэддэггүй болохоос. Юу ч мэдрэхгүй байна гэдэг л. Мэдрэх үү? Мэдэхгүй. Миний толгой дотор юу эргэлдээд байгааг ч мэдэхгүй. Юу ч бичээд байгаа юм? Чааваас..
Бие биедээ сайхан үгс биш, зүгээр үнэнг л хэлцгээе. Тэгэхээр хүмүүс үү? Уурлана. Ууртай болно. Худал байсан ч хамаагүй. Тэд гоё хачирлаж начирласан үгс сонсохыг хүсдэг. Ингэхэд "үнэн" гэж юуг хэлээд байгаа юм? Хүн бүрийн хариулт өөр. Яг "үнэн"-дээ мэдэх ч үгүй. Замбараагүй бодлууд хөвөрсөөр, зогсох цэг үгүй юм даа. Хүн ер нь үхэхдээ л бодохоо болих болов уу? Эсвэл үхсэн ч гэсэн бодсоор л байдаг юм болов уу? Үхээд бие нь үлдээд сүнс нь явахдаа бодол, сэтгэлээ аваад явдаг юм уу? Тэгдэг л юм байлгүй дээ. Хэн мэдэхэв. Тэгээд хаачдаг юм бол? Дээшээ юу? Яагаад хажуу тийшээ биш гэж? Доошоо ч байж болно шт. Бүр голд нь гацчихдаг ч юм билүү, хэн мэдлээ. Ер нь тэгээд "бодол", "сэтгэл" гэж гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүйгээс хойш. Хамаа ч алга. Гэхдээ хаяж болохгүй шүү. Хумьж бас болохгүй. Өргөжүүлэх хэрэгтэй. Тэлэх хэрэгтэй. Гээд хамаа намаагүй юмаар оролдох ч хэрэггүй. Миний хувьд хэрэггүй зүйл, чиний хувьд хэрэгтэй ч юм уу? Борооны үнэр ч сайхан шүү. Тунгалаг гэж жигтэйхэн. Борооны дараа тэр лагерын үзэсгэлэнтэйг ээ. Яагаад? Өвөл цас биш борооны тухай бодоод л. Цасыг бороогоор төсөөлөөд л. Тэгсэн хэрнээ цасыг санахыг яана. Ямар муухай юм бэ? Цас үнэндээ хар өнгөтэй. Тийм гэж үү? Тэмээний хөшөөнүүд яагаад хойшоо явдаг юм бол? Хаха. Хөшөө явдаг юм уу? Миний толгой дотор явдаг бас яридаг юм.
За, одоо энэ бүхнийг хүчээр л дуусгахгүй бол, хоёр хоногийн дараа ч үргэлжилсээр л суух байх. Тог тасарчихаасай билээ. Гэрлийн хурднаас хурдан зүйл байдаг л байх даа? Ханан дээр явж байгаа жоомыг тогоор цохиулвал яаж үхэх бол? Хөлдөж үхсэн муурны сүнс хайчсан бэ? Би санамсаргүй тагтаа дайраад алчихсан. Би хүсээгүй. Мэдээгүй. Айгаад харж ч чадаагүй. Тэр хаачсан юм? Оршуулах гэсээр байтал алга болчихсон байх юм. Гэхдээ ээж хэлэхдээ "Хотын тагтаанууд цус нь ойртоод тэнэг болчихсон" гэсэн. Хүн, машинаас ч үргэхгүй, хөлдүү. Дээр үеийн тагтаанууд тэгдэггүй байсан гэсэн. Үнэн үү? Тэгэхдээ би золибон нохдыг үзэн яддаггүй. Тэдэнд би сайн. Яагаад? гэвэл ямар ч шалтгаангүй. Бас би өрөвддөг. Тэр харцнаас нь чи юу мэдэрдэг вэ? Тоглоом ч үгүй. Зарим хүний харцнаас ч гүн байдаг шүү. Би нүдрүү нь ширтэж, юун тухай бодож буйг нь таах дуртай. Гэвч, тэндээс нэг ч гэгээлэг бодол олоогүй юм даа. Хүмүүс нохойны нүдрүү ширтэхдээ өөрсдөө юу боддог бол? Нохой тэндээс гэгээлэг зүйл олдог болов уу? Миний харцнаас? Эсвэл зүгээр ясны тухай боддог юм болов уу? Үгүй дээ. Тэд бидэн шиг тэнэг биш. Ухаантай. Би хайртай. Саяхан, саяхан ч гэж сарын өмнө би "Хайр бол алдаа" гэдэг өгүүллэг уншсан. Нэр нь нялуун л болохоос, агуулга нь таалагдсан. Шоколадны хордлогонд орж үзэх юмсан. Шоколадаар бөөлжих ямар байдаг бол? Ямар амтагдах бол? Бор өнгөтэй байх уу, ногоон өнгөтэй байх болов уу? Би хэт их цадахыг үзэн яддаг. Дургүй мэдрэмжүүдийн нэг. Уцаар төрөөд байдаг юм. Гэтэл хүмүүс цадахыг л хүсдэг, тийм үү? Үгүй юм уу? Ходоод бага зэрэг хоосон явахад би дуртай. Заримдаа бүр гол харлаад, гэдэс дугарах чимээнээс төрдөг мэдрэмжинд татагдана гээ. Гаж юм бэ? гэхдээ би хоолонд дуртай, амттанд бүр нугасгүй. Харин тамхи? Сайн мэдэхгүй юм. Амттангаас гарахын тулд тамхинд орох гэж хүртэл үзсэн гэвэл яах уу? Даанч бүтэлтэй болоогүй ээ. Хүмүүс тамхинаас ямар мэдрэмж авдаг юм? Ёстой бүү мэд. Газар доор хэдэн мянган утас байдаг бол? бас төмөр? хог хаягдал ч юмуу? эсвэл яснууд? Өдөр бүр нэмэгддэг байх даа? Тэгээд тэд газар доор ороод хаачих уу? тэндээ байсаар л байх уу? Тэнгэр харин, өөртөө юуг ч агуулахгүй. Агуулдаг ч юм билүү? би мэдэхгүй ээ. За, одоо жинхнээсээ зогслоо. Гэхдээ автобусны зогсоол дээр хүмүүс даарч байгаа байх даа?

No comments:

Post a Comment