Monday, December 5, 2016

Гунигтай ч "Гэрэл"-тэй

Анх учрахдаа би чамайг
Анхнаасаа танисан юм шиг...
Гэж эхлэх энэ дуу миний дуртай дуунуудын нэг. Яагаад ч юм, өмнө нь огт уулзаж, тааралдаж байгаагүй атлаа сэтгэлд нэг л ойр дотно, "нэг тийм" хүмүүс байдаг даа. Эсвэл өмнөх амьдралдаа холбоотой байсан ч юм шиг, хачин мэдрэмж. Тэд чиний амьдралд үүрд үлдэхгүй. Гэхдээ чамд үүрд үлдэх тэр мэдрэмжийг өгөөд л явдаг. Олигтой дурсамж гэх зүйл ч үгүй, ганцхан "мэдрэмж". Тэгээд л боллоо. Ахиад тааралдахгүй. Бүр үг ч сольж үзээгүй хэрнээ харц шүргэлцэх төдий л төрүүлдэг тэр мэдрэмжийг үү. Гэхдээ огтхон ч харамсахгүй. Харин ч талархана.

Ая нь ч тэр, клип нь ч тэр хоорондоо төгс авцалдсан мэт. Хотын гудамж, зам, модод, ягаан тэнгэр, сандал, шарласан навч, сахал, тамхи, цонх, эмэгтэй, төгөлдөр хуур, бөгж, цаг, ээмэг, сахал, шөнийн гудамж, гэрэлнүүд, жолоо, балькон, ягаан хана, хуучин хуур, гал, тамхи, утаа, аяга, гэрэл, ахиад утаа, хэмнэл, буйдан, инээмсэглэл, найзууд, шалны мод, гацуур мод, гунигтай цонх, тусгал, толь, хамтдаа, шивээс, боосон үс, инээд, ахиад л сахал, хуучин хуур тэгээд гэрэл, хотын гудамж, миний дуртай зам, модод, утас, хамтдаа, утаа, гудамж, гандан, ягаан тэнгэр, гэрлийн шон, цонх, эмэгтэй, инээмсэглэл эцэст нь хоосон утаа, ягаан хана. Зүгээр л тун энгийн боловч өгч буй мэдрэмж нь эгэлгүй. Нэг тийм тайвшрал, гуниг, хоосон гэхдээ сайхан холилдсон. Санаа алдалт. Сонсох бүрт дотор минь бүдэгхээн "гэрэл"-үүд асаах шиг л болдог. /Яг л клип нь дээр гардаг фокус нь таараагүй, жижиг гэрлүүд шиг/ Гэхдээ энэ гэрэл хэзээ ч тодорч, гялбахгүй. Үүрд тиймээрээ л байна, чухам үнэ цэн нь энд л буй.
Мөн дууны үгс заримдаа их энгийн ойлгомжтой ч, бас ойлгомжгүй. Гэхдээ ойлгогдохуйц. Томоожоогүй хүүхэд шиг. Эдгээр үгс яг л, ийм л хоолойноос урсан гарахуйц, дэндүү сайн зохицно. Ая нь бас дэндүү гэнэн санагдана.
Яг цасан ширхэг шиг болхоор чинь
Хараад суух надад тааламжтай сайхан
Хайрлаад л баймаар чиний чимээ
Дулаахан зөөлөн...

1 comment:

  1. Эхэлээд уншаад, дараа нь сонсоод, тэгээд бас уншаад над шиг багахан мэдрэмжтэй хүнд дээрх сэтгэгдэлүүдийн ачаар дууны мөн рүү хөтлөгдөх юм :)

    ReplyDelete