Thursday, December 15, 2016

Zhou Yu de huo che

Хамаг бие, сэтгэл сульдаад бүр хөдөлж ч чадах хүчгүй мэт болгодог кино. Мэдэхгүй ээ, би энэ киног хаанаас ч билээ бараг жилийн өмнө харчихаад үзэх гэж хайгаад хайгаад олоогүй юм даг. Дандаа хятад хэл дээр байсан болохоор, ядаж англи сабтай ч олдоогүй. Уйгагүй бас марталгүй хайсны эцэст хэдий дүрс нь муу ч гэсэн англи сабтайгаар олж үзлээ. Хмм.. анх трейлерыг нь үзээд төрсөн сэтгэгдлээс хавь илүү бүтээл юм. Нэг тиймэрхүү барагцаа авчихаад үзэхээр адгаж хэдэн ч хоног хайж билээ.
Хайр? хүсэл? тэмүүлэл? зүгээр л, сэтгэл ч тэр, бие махбод ч тэр бүх юмс сулраад ямар ч хүчгүй болчихлоо, арай гэж л үүнийг бичин сууна. Гар минь хүртэл салгалаад ч байх шиг. Нэг тийм хамаг юмс цөхөрсөн ч юм шиг. Би киноны үйл явдлыг нэгт нэгэнгүй бичхээс илүүтэй надад төрүүлсэн, үлдээсэн мэдрэмжийг буулгахыг зоридог. Эдний харилцаа их төвөгтэй, үгүй ээ, зүгээр л тэд өөрсдөө төвөгтэй болгодог. Би бага байхаасаа л "төгсгөл нь ямар байх огт хамаагүй ээ, жинхэнэ хайртай л учрах юмсан" гэж боддог байсан. Яагаад ч юм тэр бодлыг минь надад эргэн санууллаа. Гэвч амьдрал дээр төгсгөл их чухал бололтой, магадгүй хамгийн чухал зүйл нь төгсгөл байх. Бие биедээ чин сэтгэлээсээ хайртай хүмүүс яагаад ч хамт байж таардаггүй. Тэд нэгнээсээ холдон явж байж л "жинхэнэ хайр" нь үүрд мөнх оршдог. "Энэ бодол чинь шал худлаа шүү дээ, үүрд мөнх биесээ хайрлан хамтдаа өтөлсөн хүмүүс зөндөө бий, манай ээж ааваас ахуулаад л..." гэж хэлэх хүмүүс надад бишгүй. Гэхдээ "жинхэнэ хайр" гэдэг ойлголт нь хүн бүрт харилцан адилгүй, нийгмийн ерөнхий ойлголт болох "үргэлж дэргэд нь үнэнч байж, юу ч тохиолдсон хамтдаа, биедээ түшиг тулгуур болон ханилж, өтлөх..." гэх мэт эцэс төгсгөлгүй бөөн уянгын халилтай тодорхойлолтууд бий. Харин миний хувьд бол би түүнийг "жинхэнэ хайр" гэж хэлж чадахгүй, тэд зүгээр л нэгэндээ татагдсан, дурлалцсан, дассан, өрөвдсөн, тэвчсэн. Тухайн үеийн сэтгэлийн хөөрөлдөө хэт автсан. Тэгээд л болоо. Үүнийг "хайр" гэж нэрийдэж болох, гэвч яавч "жинхэнэ хайр" байж таарахгүй. "Жинхэнэ хайр" бие махбодын хувьд үүрд мөнх хамтдаа байхад яагаад ч зохицохгүй. Хэрэв хамтдаа өтөлвөл тэр жирийн л "хайр" болох болно. Бид "жинхэнэ хайр"-ыг бүтээхийн тулд нэг нэгнээ суллан чөлөөлж, явуулах хэрэгтэй. Хамт байвал бидний өдий болтол босгосон бүхэн юу ч үгүй нуран унах тул.
Би ер хайрын тухай бичих, бодох дургүй л дээ, гэхдээ энэ кино яалт ч үгүй бичхэд хүргэлээ. Төгсгөл нь ямар байх огт хамаагүй ээ, жинхэнэ хайртай л учрах юмсан. Өвдөх байх даа? Үхэж ч магадгүй... Угийн "жинхэнэ хайр" хэзээ ч аз жаргалтай, амар сайхан төгсдөггүй.

No comments:

Post a Comment