Wednesday, January 11, 2017

Ерөөс тэд биш, бид л Годог хүлээгсэд юм

Ирландын нэрт зохиолч, 1969 онд утга зохиолын төрөлд Нобелын шагнал хүртсэн Самуэль Беккетийн “Годо-г хүлээсэн нь”  сонгодог абсурд жүжгийг үзэхээр Black Box театрыг зорилоо. Нүцгэн мод, чулуу, салхины исгэрэх чимээ тэгээд бүдэг гэрэл. Бүтэн 2 цаг  35 минут үргэлжлэх уг жүжиг “Юу  ч хийсэн, ямар ч нэмэргүй” гэх Эстрагоны үгээр эхлэнэ. Эстрагон /гого/, Владимр /диди/, Поззо, Лаки, бяцхан хүү зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй хэдий ч Гого, Диди хоёрын харилцан яриа давамгайлна. Тэд өдөр бүр, нэг газраа ирж хэзээ ч ирэхгүй хэн нэгнийг хүлээдэг. Хүлээж байх хугацаандаа цаг нөхцөөх олон зүйл хамтдаа хийдэг ч төд удалгүй ахиад л хийх юмгүй болж, хүлээдэг. Тэдний гол зорилго бол хүлээх. Гэхдээ хэнийг, юуг хүлээж буйгаа мэддэггүй. Харин яах гэж хүлээж байна вэ гэхээр аврагдах гэж. Хэрэв Годо гэгч хэн нэгэн ирэх л юм бол бид аврагдана. Чухам юунаас, яаж аврагдаж, дараа нь юу болохыг ч мэдэхгүй. Годо гэж хэн бэ, түүнтэй өмнө нь огт уулзаж байгаагүй, ер оршин байдаг эсэх нь ч тодорхойгүй, нэрийг нь хүртэл өөрсдөө тааж өгсөн байдаг. Өдөр бүрийн уг “тамлалт” хүлээлтээс ангижрахын тулд өнөөх модноосоо дүүжилж үхэе гэлцдэг хэдий ч, олс байхгүй, энэ мод чи бид хоёрыг даахгүй, за үхчихлээ гэхэд Годо ирчихвэл яах юм гэх мэт шалтгаанаар амиа егүүтгэж чаддаггүй. Хүлээсээр л байдаг.
Жүжгийн таван дүр нь тус бүрдээ гүн утга агуулах агаад өөрийнхөө ойлгосноор маш товчхон задлан шинжилж үзэхийг хичээлээ. Миний ажиглалт, дүгнэлтээс үзвэл уг жүжиг хүмүүсийн цээжний гүнд, бүр цаад ёроолд буй хэнбэгуайн ч дотор оршин байдаг, гэхдээ түүнийгээ мэддэггүй, мэдсэн ч мэдэрдэггүй, мэдэрсэн ч хэзээ ч хүлээн зөвшөөрч чадашгүй тэр  нарийн нууцлаг зүйлийг тун энгийнээр тэр чигт нь дэлгэн тавьсан. Тэр юу вэ гэхээр хүмүүс амьдарч буй орчин, нийгэм, бүр наад зах нь өөрсдийгөө ч ажигладаггүй, өдөр тутмын ахуйн амьдрал аар саархан зүйлсдээ дөнгөгдснөөр цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг мэдэлгүй нэг мэдэхнээ олон арван жил өнгөрсөн байдаг.  Гэхдээ хамгийн гол зүйл нь хүн бүр цаад гүндээ, дотроо амьдралаас ямар нэгэн зүйлийг хүлээсээр л байдаг. Харамсалтай нь яг юуг хүлээж буйгаа мэддэггүй. Зарим хүмүүс өөрийгөө хүлээж буй гэдгийг ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, хэн болох юу болох нь тодорхойгүй зүйлийг Годо-гоор төлөөлүүлсэн болов уу. Харин Гого, Диди хоёр бол бүхэл бүтэн нийгмийн төлөөлөл. Хүмүүсийг төлөөлж буй. Биднээс ялгаатай нь тэд хүлээж буй гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг. Яагаад ганц Диди эсвэл Гого ганцаараа биш хамтдаа хүлээж байна вэ гэхээр аль нэг нь хүлээхээс шантраад, сэтгэл санаагаар унахад нөгөө нь түүний сэтгэлийг засаж, урам зориг оруулдаг. Нэг нь нөгөөгөө нөхөж, хамтдаа хүлээх хүчийг үүсгэдэг. Хэрэв ганцаараа байсан бол хүлээж тэсэлгүй амиа хорлож мэдэх. Тэд цаг нөхцөөхийн тулд хоорондоо хэрэлддэг, маргалддаг, эвлэрч нэгнээ магтдаг, тоглодог, мод, чулуу зэрэг нүдэндээ өртсөн бүхний тухай ярилцдаг, өөр хийж цаг нөхцөөх шинэ содон юу байх тухай бодож, хэрэгжүүлдэг. Энэ нь хүмүүсийн өдөр тутамдаа л хийдэг өнөөх ажил, ар гэр, найз нөхдийн ахуй амьдралыг үзүүлж буй. Гэвч, цаад мөн чанарт нь өнөөх хүлээлт оршсоор л. Жүжгийн дундуур орж ирэх Поззо болон Лаки хоёрын дүр бол ямар ч нийгэмд оршдог хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөл шиг санагдлаа. Поззо бол ноёнтон, харин Лаки бол түүний боол. Гэвч цаад утга агуулга, мөн чанартаа бол Лаки эзэнтэн харин Поззо өчүүхэн барлаг төдий юм. Поззогийн гадаад төрх, байгаа байдал, хандлага зэрэг нь түүнийг тэднээс дээгүүр зиндаанд буйг илтгэх боловч огтхон ч тийм биш. Тэр бол их дээрэнгүй, бусармаг, өөрөөсөө бусдыг дорд үздэг, мэдэмхийрч хийрхэх дуртай дүр эсгэгч юм. Жүжгийн дундуур гэнэт түүний үнэн төрх болох аймхай, сул дорой, арчаагүй, хэн ч биш байдал хэсэгхэн хугацаанд илэрдэг. Энэ л түүний жинхэнэ хэн бэ гэдэг. Поззогийн дүрээр гаднаа хэдий баян тарган харагддаг зарим хүмүүсийн дотор үнэндээ өчүүхэн жаал оршин байдаг нь харагдаж байлаа. Гэтэл Лаки бол бодит байдал дээр боол атал түүний доторх хүн буюу жинхэнэ мөн чанар нь аугаа их мэдлэг, боловсролтой, хурц ухаантай, хэрсүү нэгэн гэдэг нь түүний бодлыг яриулснаар илэрч гарна. Лаки-г Поззо “Юм бод!” гэж хэлснээр тэр өнөөх тэдний хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй үнэнийг дэлгэн тавитал Диди, Гого, Поззо гурав чихээ даран сонсохыг үл хүсч, тамирдан сульдан газар унан эвхэрч дуугуй бол хэмээн орилж чарлана. Энэ үзэгдэл амьдралын мөн чанарыг таничихсан, амьдрал бол ердөө хий хоосон зүйл, ийм хоосон зүйлд хууртаад амьдарч буй хүмүүсийн өрөвдөлтэй байдал, өдөр хоног бол ердөө л нэг өдрийн давтамж харин хүмүүс үүнийг үгүйсгэдэг, эвлэрэхийг хүсдэггүй, Годог хүлээгээд оршсоор л байдаг гэдгийг нь бусдад ойгуулах гэсэн хэн бүхнийг эргүү маанагаар дуудан, гадуурхан, үзэн яддаг. Бодит зүйлийг дэлгэн тавитал тэд сонсохыг хүсдэггүй, хэзээ ч эвлэрэхгүй яагаад гэвэл өөрсдийг нь өчүүхэн, хүчин мөхөс дорой, өөрсдийгөө хуурсан хуурамч амьтад болохыг сануулдаг учраас гэсэн санааг агуулсан болов уу. Харин бяцхан хүү өдөр бүр Диди, Гого хоёр дээр ирж, “өнөөдөр Годо ирж чадахгүй гэнээ, маргааш тэр заавал ирнэ гэсэн” гэж хэлүүллээ гэсээр ирнэ. Хариуд нь Диди “Чи ноён Годод бидэнтэй уулзсан гэж заавал хэлээрэй” гэхэд хэзээ ч эргэн хариу дуугарахгүй, яваад өгнө. Энэ үйл явдал өдөр бүр л давтагдана. Миний бодлоор уг хүүгийн дүр бол хий хоосон, зөвхөн тэдний төсөөлөлдөө бий болгосон хийсвэр дүр юм. Учир гэвэл тэдний ийм гачлантай хүлээлтэн дунд амьдарснаас үхсэн дээр гэх бодол болон Годо хэзээ ч ирэхгүй юм байна гэх цөхрөлдөө бүрэн дүүрэн автахгүйн тулд, сэтгэлээ ямар нэг зүйлээр зогоох хэрэгтэй болсон нь тэр. Өөрөөр хэлбэл, тэдний итгэл үнэмшил унтраад ирэхээр л өнөө хүү гарч ирснээр тэд ахиад л “за маргааш л яг Годо ирэх байх” гэсэн найдвараа тээсээр үлдэнэ. Үүнийг хүмүүсийн амьдралтай жишин үзвэл бид ч гэсэн дотроо нэг тийм хийсвэр зүйл бий болгоод түүндээ найдвар тавьсаар л байдаг. Юу г ч юм хүлээсээр л байдаг, гэхдээ хүлээж буйгаа мэддэг нь тун ховор. Магадгүй, жүжгийн хамгийн эхэнд хэлэгддэг “Юу ч хийсэн ямар ч нэмэргүй” /Nothing to be done/ гэх үгэнд жүжгийн болоод хүмүүний амьдралын гол агуулга явж буй байж ч болох.

Ерөнхийдөө уг жүжигт эхлэл, өрнөл, төгсгөл гэж үгүй зөвхөн Гого, Диди хоёр уулздаг газраа Годог хүлээж буйгаар эхлээд, хүлээсээр, хүлээсээр, хүлээж буйгаар л төгсдөг. Дундуур нь орж ирэх дүрүүд хүртэл өдөр бүр адил давтамжтай. Одоо ч тэд бут, сөөг, бургас хэмээн маргалддаг модныхоо дор суугаад Годог хүлээсээр л байгаа. Бяцхан хүү ирсээр л байгаа. Харин жүжгийг үзэж суусан надад ерөөс тэднээс илүү бид л Годог хүлээгсэд юм байна гэх хүчтэй бодол төрсөн юм.
2016.01.07

No comments:

Post a Comment