Friday, January 20, 2017

ХАСАХ ГУЧИН НЭГ

Зун дууссан. Зүүд ч дууссан. Нэг мэдэхнээ гадаа өвөл болж. Хасах гучин нэгэн градус. Хүйтний эрчээр би гэнэт сэрлээ. Тэр явчхаж... Гаднаас хүйтэн агаар, жихүүн салхи нүүр өөд үлээн хацар болоод хамаг биеийг хайрна. Харин дотроос хүлээлт, цөхрөл, үл ойлголцол, эвдэрсэн итгэл сэтгэл болоод мэдрэмжийг минь үгүй хийхээр зэхэж буй аятай хайр найргүй хасах гучин нэгэн хэмээс ч илүү хайрна. Дотор минь хоосон тулдаа л энэ хүйтнийг тэсч гарч байна уу гэлтэй. Үгүйсэн бол аль хэдийн хөлдөөд үхчихсэн байх биз. Гэтэл, тэр надаас ингэж асуух юм. "Чи даарч байна уу?" үгүй дээ, үгүй. Үнэндээ хэн ч надаас ингэж асуугаагүй. Би төсөөлсөн л байх. "Би даарахгүй байна" гэж би хариулсан. Надад чиний ороолт хэрэггүй ээ. Надад хэний ч ороолт хэрэггүй. Бас малгай ч хэрэггүй. Ер нь юу ч хэрэггүй. Гэхдээ... "Би чиний цамцыг авч болох уу? би даараагүй л дээ, би өмсөхгүй ээ /өмсөж ч магадгүй, зүгээр л үнэрийг чинь мартахгүйн тулд үргэлж чамайг биш юмаа гэхэд үнэрийг чинь дэргэдээ байлгахын тулд/ би, би чиний цамцыг авч болох уу?"  гэж би асуусан. Үгүй дээ, үгүй. Үнэндээ би тэгж асуугаагүй. Би зүгээр төсөөлсөн л байх. Тэр хариулаагүй. Үнэр ч үгүй, цамц ч үгүй, ороолт ч үгүй. Үнэндээ юу ч үгүй. Хоосон бас хүйтэн сэтгэл л байна. Түүнийг энд хэчнээн удаан, ямар их даарсныг би мэдэхгүй. Төсөөлж ч чадахгүй нь. Ер нь түүнээс өөр хэн ч мэдэхгүй бас мэдрэхгүй. Би хүсээгүй ээ, гэхдээ маш их хүссэн. Би итгэлгүй байсан болохоор л түүнийг дааруулсан байх. Миний буруу. Буруугаа мэдсээр байж би зогсоогүй. Яг гал шиг дүрэлзэн асаж байсан үед би харин эргэлзэж эхэлсэн юм шүү. "Би шийдсэн, чи надтай үүрд хамт байх уу?" гэж тэр надаас гэрэл цацарсан тунгалаг нүдээрээ ширтэн байж, хөөрхий өнөөх л муу сэтгэл шигээ хүйтэн гарнаас минь атгаад асуусан. Үгүй дээ, үгүй. Үнэндээ хэн ч тэгж асуугаагүй. Би яг төсөөлсөн л байх. Гэхдээ, би маш их айж байсан. Бид бас амласан. "Итгэлтэй байна уу?" гэх миний хариуд "Эхэндээ эргэлзэж байсан ч одоо бол би шийдсэн" гэхэд хэчнээн айн түгшиж байсан ч гэлээ дотор минь нэг дулаахан зүйл  мэдрэгдсэн. Үгүй ээ, энэ бүхэн худлаа шүү. Үнэндээ огт ийм зүйл болоогүй. Магадгүй би зүүдэлсэн л байх. Тэр юу ч хэлээгүй, би юу ч асуугаагүй, тэр юу ч хариулаагүй, би юу ч сонсоогүй. Тийм зүйл огтхон ч болоогүй. Тэр их даарсныг л би мэдэж байна. Бас мэдэрч байна. Тэр мөчид би итгэлгүй байсан нь эргэлзээ болж ирээдүйд итгэхийг хүссэн. Гэвч, цаад гүндээ хаанаас юу ч юм "Энэ бүхэн бүтэхгүй ээ" гэж цаг тутам шивнэн намайг тарчлаасан. Худлаа, хэн ч тэгээгүй. Энэ бүхэн зүүд шүү. Би бүхнийг цаг хугацаанд даатгахыг л хүссэн. Би юу ч хийгээгүй. Би түүнээс бас цаг хугацаанаас эргэлзээг минь таслан зогсоогоод эргэлт буцалтгүй бат зогсоод ирээдүйг бий болгохуйц их зүйлийг хүлээсэн. Хүлээхээс өөр би хөдлөөгүй. Энэ бас л миний буруу. Эсвэл өнөө гайтай мэдрэмж. Үгүй дээ, үгүй. Үнэндээ энд юу ч буруугүй. Учир нь ийм зүйл огтхон ч болоогүй шүү дээ. Даанч тэр, "Юу ч болж байсан би үргэлж чиний талд байх болно" гэж хэлдэг байсан, хэлсэн. Гэхдээ тэр байгаагүй. Тэнд хэн ч байгаагүй. Байх ч албагүй. Тэр дэргэд байхгүй ч гэлээ энэ үгийг сонсох бүрт сэтгэл минь яагаад ч юм ихэд тайвширдаг байж билээ. Гэхдээ, одоо тэр ахиж хэзээ ч ийн хэлэхгүй. Бүр хэзээ ч.. Учир нь би түүний зүрхийг нэгэнтээ бүрмөсөн алдсан. Ахиад л өнөөх өөрийнхөө буруугаас болж. Түүний зүрхэнд орших өчүүхэн зайгаа өөрийнхөө гараар үгүй хийчихсэн бололтой. Тэнд одоо би байхгүй байх. Ахиад хэзээ ч түүний дотор амьдарч чадахгүй юу? Зөвхөн түүний дурсамжид л хадгалагдах юм гэж үү? эсвэл одоог хүртэл зүрхэнд нь оршсоор байгаа юу? Би мэдэхгүй. Үгүй дээ, үгүй. Үнэндээ эдгээр нь ердөө л миний төсөөлөл. Би юу ч хийгээгүй, тэр юу ч хэлээгүй, бид юу ч мэдрээгүй. Бид эхнээсээ л оршоогүй. Гэвч би дурсамж төдийхөн болмооргүй байна, би... би бие махбодоороо үхсэн ч гэлээ сэтгэлээ амьд байлгахыг хүснэ. Би түүний дотор хэзээ ямагт амьд байхыг л хүсэж байна. Үгүй ээ, үгүй. Үнэндээ би аль хэдийн үхсэн, ахиж сэрэхгүй. Сэтгэл минь зүүдэлсээр л байна уу? Магадгүй зуны халуун өдрүүдэд толгой минь хэт халсан бололтой. Халуундаа баахан сэрүүн зүүдэлсэн юм болов уу? Эсвэл нарны халуун илч сэтгэлд минь сэмхэн туссан байх. Тэгээд л энэ бүхэн болсон мэт санагдаж л дээ. Зуны дулаахан үдшүүдээр "Би хүйтэн байна уу?" гэхэд тэр "Үгүй ээ, чи хүйтэн биш, дулаахан. Чамтай байхад би юу юунаас ч илүү тайвшралыг мэдэрдэг" гэдэг байсан. Гэтэл намрын сэрүүхэн өдрүүдэд тэр "Чи хүйтэн зүрхтэй" гэх болсон. Анхны цас, дараагийн цас, цас, цас орох тоолонд бид хамтдаа байгаагүй. Харин бороо орох тоолонд.. жижиг том дусалнуудаас зугтан бид модон доор эсвэл гүүрэн доор хамтдаа зогсдог байж билээ. Тиймээс би бороонд хайртай. Цасыг харин үзэн яддаг. Үгүй дээ, үгүй. Үнэндээ би цас бороо алинд нь ч хайртай. Би зүгээр л төсөөлөлдөө хэт умбачихаж. Тийм зүйл огт болоогүй. Тэнд цас, бороо, зун, намар аль нь ч байгаагүй. Тэглээ ч одоо зун дууссан. Зүүд ч дууссан. Нэг мэдэхнээ гадаа өвөл болчхож. Хасах гучин нэгэн градус. Хүйтний эрчээр би гэнэт сэрлээ. Тэр явчхаж... Гаднаас хүйтэн агаар, жихүүн салхи нүүр өөд үлээн хацар болоод хамаг биеийг хайрна. Харин дотроос...
2017.01.18
Улаанбаатар хот

No comments:

Post a Comment