Monday, September 24, 2018

#0723

Цээжин доторх зүйлсээ
дэлгээд асгадаг бол 
Бүгдийг нь асгаад 
бүх хүнд үзүүлмээр. 
Цочиж зарим нь зугтаад 
Цовхчиж зарим нь дэвхрээд 
Царай нь хувхай цайгаад 
Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй 
Тэгээд тэд намайг үзэн ядна 
бас хайрлана 
Тэсэхийн аргагүй хөгц үнэртэх тул 
хамраа таглана 
Гэхдээ, 
Тэдэн дундаас ядаж ганц нь ч болов 
Тэр жижиг гэрлийг олж харах болов уу...

Monday, October 30, 2017


Урт гэгчийн амьсгаа аваад Улаанбаатар хотынхоо гудмаар.. орой дээр нүүх үүлстэй хамт элдвийг бодон алхах юутай сайхан. Зам, мод, байшин барилга, өнцөг булан бүр нь нэг л дотно дулаахан...
Нартай, бороотой, цастай, салхитай ямар ч өдөр би түүгээр ганцаараа алхахдаа хэзээ ч ганцаардаж байгаагүй. Магадгүй нүдэнд үл үзэгдэх хотын минь сүнс эсвэл өнөөх гудамнуудаар ер бусын далдын хүч намайг түшиж тулдаг байх. Би хотынхоо гудмаар алхаагүй 7 сар болж байна. Гэрээ санахаас илүүтэй хотоо, хотынхоо өнцөг булан бүрийг маш их санаж байна.
Жижигхэн түц, байрны булан, дэргэдэх сандал, саравч гээд хогийн сав нь хүртэл хүн бүрд нэгэн дурсамжийг сануулна. Улаанбаатар хотод амьдарч байгаа, амьдарч байсан хүн бүрийн дурсамж тэнд хадгалагдан үлдсэн гээд бодохоор бүр илүү нандигнан хайрламаар. Хотын гудмаар зөрөн алхах хүмүүсийн тухай надад огтхон ч хамаагүй атлаа хамаатай бодлууддаа дарагдан тэдэнд тохиолдсон үйл явдлыг таах гэж оролдоно, нүднээс нь тэдний амьдрал ч харагдах шиг болно. Зөрж өнгөрөх хүн бүрийг би амьд гэдгийг нь мэдэрнэ, тэд ч бас намайг амьд гэдгийг минь мэдрүүлнэ...
Гарцан дээр ногоон гэрэл хүлээн зогсох зуур жаргаж буй нарны туяа замыг минь гэрэлтүүлэн нүд гялбуулахад, дэлхий дээрх бүх зүйлсийн амийг мэдрэх.. Энэ л үед Л. Ө эгчийн "Тэнгэр минь, Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?" гэх мөртийг өөрийн эрхгүй дотроо шивнэнэ...

Monday, June 12, 2017

Навчсаас нуун намарт илгээх үгс...

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
Алтан навчсанд орон исгэрээд 
Алга болмуй би... 

Зогсолтгүй эргэлдэх энэ ертөнцийн, зогсолтгүй үргэлжлэх дөрвөн улирлын нэг болох хүндэт намар танаа,

Сайн байна уу? гуравхан сарын дараа ахиад л хоёулаа уулзалдлаа. Харин энэ удаад та над дээр биш, би тань дээр зочиллоо. Уг нь одоо миний хотод хавар дуусч зун эхэлж байгаа. Хотын гудамжинд байрлах модод нахиалж ногоорон, өнгө өнгийн цэцэгс алаглуулан улам л үзэсгэлэнтэй болсон байх даа. Хөөрхий миний муу саарал хот...

Гэтэл энд... шаргал өнгө.. том том навчсууд газраар нэг хөглөрөн бороо цутгана. Өвөл цаг айсуй нь энэ юм байж. Гэхдээ таны үзэсгэлэнд би мансууран алхах дуртай. Гудамж талбайд шаргал өнгө ноёлон сууж, жихүүнээр исгэрэх салхи бүр нь шаралж хорчийсон нэгэн навчсын амийг таслан одно. Хөсөр хаягдсан хатаж хорчийсон шаргал том навчсыг хараад яагаад ч юм мэдэхгүй, би ч мөн тэдний нэг юм шиг эсвэл тэдний нэг болхыг хүснэ. Хэтэрхий их зовлон үзсэн нойтон навчис өрөвдөлтэй нүдээр надруу ширтэхэд, өөдөөс нь би мөн тийм л нүдээр ширтэн сэтгэл өмрөх авч түүнд атаархана.

Бага байхдаа таны "бэлгэ тэмдэг" болсон шаралж хорчийсон навчин дээр гишгэн дэвхцэж түүнээс гарах шаржигнах чимээнд дурлан, тааралдсан навч бүрээ няцлан явдаг байж билээ. Гэтэл одоо... хөөрхий.. хатсан шаргал навчин дээр гишгэх нь байтугай салхинд хийсч, бороонд норхыг нь харах төдийд л өр өвдөнө. Нойтон навчны зовлонг бүр ч их мэдэрнэ. Гэвч яагаад ч юм мэдэхгүй, би тэдний оронд шаралж хатаад, хүйтэн газар бороонд норон хэвтхийг хүний ертөнцөөс илүүд үзэх юм. Хааяа би тэдэн рүү гуниг хурсан нүдээрээ ширтэн "Чиний оронд би байсан ч болоосой" гэж атаархангуй шивнэнэ. Магадгүй сэтгэл минь шаргал нойтон навчсаар дүүрсэн болоод л тэр юм болов уу? Мэдэхгүй юм даа, бид нэгэн гунигаар холбогдож буй мэт, нэгэн зовлонг эдэлж буй мэт...
Гэхдээ намар та, навчис бүрийн амийг авч одохдоо яагаад ийм үзэсгэлэн төгөлдөр үзэмжийг цогцлоон, өнө мөнх ийм л байлгамаар мэдрэмжийг төрүүлдэг юм бэ?

Тасран унах навч бүрийн үгийг 
сонсоно гэж амлавал 
Та намайг авч явах уу, хүндэт намар аа... 

Thursday, April 20, 2017

Үйцаардал

       Яахав, би дөнгөж сая ийм нэгэн шинэ үг гаргачихлаа л даа. Юунаас үүдсэн, юу гэсэн үг вэ гэхээр би ер нь л түм түжигнэсэн бум бужигнасан газар дургүй. Ялангуяа тэдний дунд ороод явах бүр ч дургүй. Гэхдээ өдөр бүр л зайлшгүй олны хөлийн газраар явах шаардлага гарах юм. Яагаад ч юм мэдэхгүй ганцаараа байхдаа хэзээ ч ганцаарддаггүй атлаа үй олны дунд ороод ирхээр л ганцаардлыг илүү мэдрэх юм... Тиймээс үүнийг би "үйцаардал" гэж нэрлэхээр шийдлээ. 

       Зам гархаар ногоон гэрэл хүлээн зогсогсод.. үй түмэн... ихэнх нь чихэндээ чихэвч зүүн, утсаа оролдон зогсоно. Галт тэрэгний хонгилоор биесээсээ өрсөн холхилдогсод, хотын гудмаар хаашаа ч юм яаран алхагсад, энэ тэндгүй гиюүрэн суун юуг ч юм хүлээх хүлээгсэд... Үнэндээ тэдний цаана цохилох зүрх ч үгүй мэт санагдана. Ямар ч амьгүй, сэтгэлгүй хоосон хөндий биенүүд л яваад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Робот шиг. Магадгүй түүнээс ч дор. Би ч мөн адил. Хамгийн гунигтай нь... би ч гэсэн тэдний дунд оршин яваа нь, би ч мөн роботноос дор нэгэн болох нь, би ч мөн цохилох ч зүрхгүй хөндий цээжтэн гэдгээ мэдрэх. Энэ бол зүгээр л миний тэнэг бодлуудын нэг бөгөөд гунигтай мэдрэмжүүдийн маань нэг юм.
     
      Би мэднэ ээ, тэд бол хүмүүс, тэд амьд, тэд зүрхтэй, тэдний судас цохилж байгаа болоод тэд явж байгаа. Гэхдээ амьдарч байгаа нь хэд бол? Миний бодлоор тун цөөхөн. Ихэнх нь амьдралгүйгээр амьд яваа. Гэхдээ тэд үнэнийг хэзээ ч мэдэхгүй, мэдхийг ч хүсэхгүй. Иймээс л би дээрх мэдрэмж, бодлууддаа автдаг юм. Бид амьдрахгүйгээр амьд явж болохгүй, хүн бүр амьдрах хэрэгтэй, амьд байх гэж биш амьдрах гэж ирсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй болов уу... Харин хэрхэн амьдрах вэ?

Thursday, March 30, 2017

#122


                   I
Ахиад л нэг өдөр эхлэлээ
Өнөөх л байрууд
Өнөөх л гудам
Өнөөх л зам…
Ахиад л нэг хавар эхлэлээ
Өнөөх л модод
Өнөөх л үнэр
Өнөөх л салхи…
Өөр шинэ зүйл
энд байна уу?
Үгүй дээ,
Өнгөрсөн бүхэнтэй
яг адилхан байна.
                   II
Ахиад л нэг өдөр дууслаа
Өнөөх л гэрэл
Өнөөх л шат
Өнөөх л хаалга…
Ахиад л нэг хавар дууслаа
Өнөөх л тэнгэр
Өнөөх л өнгө
Өнөөх л навчис…
Өөр шинэ зүйл
энд байна уу?
Үгүй дээ,
Өнгөрсөн бүхэнтэй
яг ижилхэн байна.
2017.03.03

Friday, February 17, 2017

Өд

Эргэлдэн ниссээр нэгэн өд унтаж буй түүний мөрөн дээр буулаа. Мөрөн дээр нь тогтоод өдөржин түүнтэй хамт байх гэнэ. Өглөө сэрээд нойрмоглон боссоор ариун цэврийн өрөө орж өрвийсөн хэдэн үсээ засах аядчихаад нүүр гараа угаав. Тэр өдийг ажигласангүй. Өдтэй хамт. Гэтэл толины цаана, бүр гүнд нь утаа манангаар бүрхэгдсэн бүүдгэр ногоон байгалийн үзэгдэл дунд нэгэн бяцхан охин инээмсэглэн дугуй унах дүрс үзэгдэв. Залуу түүнийг бас л ажигласангүй. Харин өд түүнрүү даллан инээв. Охин хариу даллаад манангийн гүнрүү орон алга болов. Харамсалтай нь залуу тухайн үед зөвхөн өөрийгөө ширтэж байсан аж. Ариун цэврийн өрөөнөөс гараад гал тогоо зүглэлээ. Өдтэй хамт. Өчигдөр идэж байсан хоолны үлдэгдэл. Ширээн дээрх эмх замбараагүй байдал. Амлуугаа нэг боорцогны үлдэгдэл хийн зажилсаар хөргөгчөө ухлаа. Өдтэй хамт. Гэтэл хөргөгчний цаад буланд нэгэн том эрвээхий гэрэл гэгээ гийсэн саруулхан хээр талаар аз жаргалтай нь аргагүй дүүлэн ниснэ. Нар жаргаж буй улбар ягаан туяа, зуны намуухан сэвшээ салхи, шувуудын жиргээ. Өд өөрийн эрхгүй өндийн түүнрүү яваад орохыг хүссэн боловч яагаад ч юм хөдөлж чадсангүй. Эрвээхий рүү даллан инээвхийлэв. Өнөөх нь хариу даллаад цааш дүүлэн нисэн алга болов. Харин залуу идэх уух зүйл л эрэн зогсож байсан юм. Хөргөгч хаагдлаа. Залуу эргээд унтлагын өрөөндөө оров. Өдтэй хамт. Гэтэл залуугийн орны дэргэд байх сандалны буланд нэгэн гунигласан цэцэг үзэгдэв. Уйлж байх юм. Өд гайхан түүнийг ажиглахад том том нулимс шалан дээр тусан норгоно. Түүний цаана уг нь гайхалтай том сар, гялалзан мяралзах одод харагдана. Тэр юунд гуниглаа вэ? Ямар ч үүлгүй цэлмэг шөнийн тэнгэр байхад. Юунд ийм өндөр дээр сууна вэ? Өд түүнтэй ярих гэсэн боловч залуу өөр тийшээ алхав. Том том нулимс дусалсаар л үлдлээ. Харин залуу энэ үед орой нь ийш тийш шидэлсэн хувцаснуудаа эрнэ. Тэгээд шүүгээгээ нээв. Өдтэй хамт. Гэтэл шүүгээний таазан дээр том гэгчийн солонго татсан байлаа. Солонгын өнгө бүрээр хүүхдүүд дамжин гулган тоглоно. Өд тэдэнд рүү даллав. Хүүхдүүд хариу даллана. Баяр хөөр, аз жаргалаар дүүрэн. Гулгаад л, инээгээд л... Хүүхдүүдийн цангинасан хоолой. Тунгалаг цагаан өнгө. Өд тэднийг сонсон өөрийн эрхгүй инээмсэглэн харцаа салгаж чадалгүй байтал шүүгээ тас хийн хаагдав. Залуу авсан хувцсаа углаад үүд зүглэлээ. Өдтэй хамт. Гэтэл үүдэн дэх гутлын тавиурын дор том гэгч хар нүх байв. Тэнд нэгэн цагаан луу эргэлдэн хөвсөөр л. Юуг ч юм эрэн, тэнүүчлэн байх шиг. Өдийг огтхон ч ажигласангүй. Хар нүх тунгалаг цэнхэр ус болон хувирлаа. Луу эргэлдсээр л. Харин залуу энэ үед нэгэн зүйлийг анзаарав. Тэр цонхоо нээлттэй орхижээ. Гарахаасаа өмнө хаах хэрэгтэй хэмээн бодон цонхны зүг алхлаа. Өдтэй хамт. Цонхоор хартал гадаа цас ширхэглэн хаялж байв. Өд анх удаа гадаах орчныг харж буй нь энэ. Цэнгэг хүйтэн салхи цонхны завсраар үлээхэд өд золтой л хийсчихсэнгүй. Залуу цонхоор хаялах цасыг ч ажирсангүй. Харин цонхны тавцан дээрх талхны үйрмэгийг үлээн унагаах гэж урагшаа тонгойтол гутал нь халтиран урагш нисчхэв. Таван давхраас агаарт жингүйдэн унах түүний мөрнөөс өд сая л хөндийрлөө. Өвлийн цагаан агаарт найган буй цагаан өд. Цагаан цасан дунд. Цагаан... Гэнэт цасны ширхэг бүрд үйл явдал өрнөж байхыг олж харав. Тайван, зөөлөн, дулаахан, тогтуун. Өд хийссээр л.... Гэхдээ газар унасан залуугийн мөрөн дээр дахин буусангүй.
2016.02.13

Sunday, February 12, 2017

#74

       Гэтэлж баршгүй энэ их өдрүүдийг яаж туулна даа
Гэрэлтэх бяцхан зүрх минь гунигаар дүүрсэн болтой
Гэгээ татуулан хөшигөө нээсэн ч догдлол үгүй
Гэнэтхэн л хувирах хаврын тэнгэр шиг сэтгэлтэй болж
Өнгөрсөн бүхэндээ инээмсэглэл бэлэглэхийг хүсэвч
Өөрийн эрхгүй л дотор минь бүрхэг том үүлс бөглөрч
Маргаашийн тухай бодохоос ч халгаж
            Мартагдсан дурсамжуудаа өврөөсөө нэхэн алхана…
2016.06.22