Sunday, November 27, 2016

Мэдэхгүй

"Хэрвээ бид үүрд хамт байвал
би чамайг хангалттай хайрлаж
чадах болов уу?" гэж тэр түүнээс асуусан.
"Хайрлахад хүртэл хэцүү юмаа,
би чамайг хайрлаж чадахуйц хүчтэй
болоод эргээд ирнэ" гэж тэр түүнд хэлсэн.

Тэд хэн хэнийхээ хувьд огтхон ч "алдаа" байгаагүй. Зүгээр л, хэдий бие биедээ сэтгэлтэй ч хамт байх тавилангүй хүмүүс байдаг даа. Яг л тийм. Одоохондоо би сайн тайлбарлаж бичих чадал минь хүрэхгүй байгаа тул хэзээ нэгэн цагт үүнийгээ дуусганаа.
2016.11.27 

Saturday, November 26, 2016

Бальконы найз


Тэд өвлийн улиралд дургүй ээ. Гэхдээ хүүхдүүд л болсон хойно мэдээж будрах цасыг хараад догдолдог, цасаар байлдаж тоглох, цасах хүн хийх дуртай. Мөн шинэ жил бол өвөлд дурлах хамгийн том шалтгаан. Тэдний хувьд аль аль нь өвлийн улиралыг нууцхан хүлээдэг нь үнэн. Үүнийгээ бие биедээ хэлэх  байтугай өөрсдөө дотроо хүлээн зөвшөөрхийг ч үл хүснэ. Нэг л зүйлээс санаа зовсондоо тэр.
Хот бүхэлдээ цагаанаар хучигдаж, хажуугаар зөрөх хүмүүсийн хацар ягаарч, сормуус нь хөлдсөн байхыг тэд харах дуртай. Тагтаршсан цасан дээр хальтарч унах хүмүүсийг шоолон инээх ч бас хөгжилтэй. Модод, зам, замын дэргэдэх түцнүүд, хашлага, айлуудын цонх, машины зогсоол, тоглоомын талбай, төмөр гулсуур, олс нь тасарсан савлуур, хоосон саравч, хуучин грашнууд, тагтаа, болжмор, тэнэмэл муур, золибон ноход, тэгээд хүмүүсийг ажиглан харах дуртай. Нэг нь долоон давхарт нөгөө нь яг доод давхарт амьдардаг тэдний цонхоор дээрх бүх зүйлс нэгд нэгэнгүй харагдана. Тэд бол бальконы найзууд юм. Уг нь зуны улиралд орой ч бай өдөр ч бай хэдэн цагаар ч хамаагүй тагтан дээрээ зогсоод хамтдаа “ажиглалт” хийж ярилцдагсан. Бүр хамт тоглодог найзуудаа хүртэл хараад шоолно гээч. Харин өвөл бол тэдний ярилцах цаг тун бага. Ийм учраас л тэд өвөлд дургүй. Тэд нэг байранд амьдардаг ч хэзээ ч гадаа гарахдаа хамтдаа тоголж байгаагүй. Гадаа найзуудтайгаа тоголж байхдаа нэг нэгтэйгээ таардаг боловч танихгүй хүмүүс шиг л дуугуй зөрцгөөнө. Яагаад ч юм, балькон дээрээ байхдаа л тэр хоёр жинхэнэ дотны найзууд болон хувирна. Харин бусад үед их хөндий, жирийн л хөршүүд аятай. 
Харамсалтай нь өвлийн улирал аль хэдийн ирсэн учир тэдний уулзалтын цаг багассан. Бусад улирал бол бараг өдөр бүр балькон болон цонхоороо уулзаж элдвийг хүүрнэдэг хоёр маань долоо хоногт ганц л уулзалдана. Заримдаа бүр арав хоноод нэг уулзах үе ч тохионо. Уулзалтын цаг ч хамгийн ихдээ гучин минут хүрэхтэй үгүйтэй болно. Тэдэнд өөрсдийн гэсэн дохио зангаа хүртэл байдаг. Хэрэв паараа хурдан хэмнэлтэй гурав гурваар ес зохивол яаралтай гарч ирээрэй гэсэн үг, харин жигд хэмнэлээр найм зохивол 10 минутын дараа уулзана шүү гэсэн үг. Түүнчлэн байрныхандаа хүртэл инээдтай хоч, нууц нэр өгсөн. За тэр ч яахав, одоо 42 хоногийн дараа шинэ жил болох нь. Он гарахаас  яг 35 хоногийн өмнө өнөө хоёр найз маань уулздаг “заншилтай” билээ. Уулзахад ердөө долоо хоног л үлдэж.
Гэнэт нэг орой доод давхрын найз хичээлээ хийгээд сууж байтал яаралтай дохио ирлээ шүү. Паарыг хурдан хэмнэлтэй цохиод унах нь тэр. “Яасан юм болдоо? Уг нь уулзахад гуравхан хоног л дутуу байсан юмсан, нэг гэнтийн юм л болждээ” гэсээр хичээлээ ч хураалгүй босч цонхоо нээн дээш өлийтөл, амнаас нь уур савсах өнөөх найз нь байдгаараа инээчихсэн “Сайн уу? хичээлээ хийж байв уу? би харин чамд нэг юм харуулах гээд, энийг хараа би өнөөдөр ийм хөөрхөн жижигхэн гөлөг авсан” гээд бяцхаан цагаан гөлөгний толгой цухуйлгав.
- “Тэгээд наадахаа л харуулах гэж дуудсан юм уу? хүн завгүй байхад” гээд ундуйцан асуутал,      
         -“Үгүй ээ, чи өмнө нь нохойтой байсан шүү дээ, тэгээд чамаас нохойны хоол асуух гээд, энэ ердөөсөө юу ч иддэггүй ээ гурав хоногийг хүлээсээр байтал өлсөөд үхчихвэл яах юм? Чи хар л даа эгдүүтэй байгаа биздээ?” гээд ахин жижигхэн гөлөгний толгойг гаргалаа.
- “Хөөрхөн л юм. Гэхдээ ямар хоол байсныг нь би сайн санахгүй байнаа, ах л авчирч өгч байсан. Нохойны зурагтай ногоон ууттай байсан санагдаж байна. Том дэлгүүрүүдээр байдаг гэсэн. Бас хамаагүй юм өгч болохгүй шүү гэдэс нь өвдчихнө. Ээж аав чинь тэгээд хамт байхыг зөвшөөрсөн юмуу?”
- “Зөвшөөрсөөн. Заза, ойлголоо. Одоо цонхоо хаахгүй бол хүйтэн оруулаад гээд эмээ загнаад байна, баяртай” гээд дотогш орлоо. Харин доод давхрын найз дотогш орсонгүй, цонхоороо хүйтэн агаар амьсгалан хэсэг ширтсэнээ санаа алдаад цонхоо хаав. Хичээлийн ширээн дээрээ эргэн очин даалгавараа дуусгах гэсэн боловч гөлөгөө санаад нулимс нь дүүрээд ирлээ. Жилийн өмнө түүний төрсөн өдрөөр нагац ах нь жижигхэн бор гөлөг бэлэглэсэн боловч ээж аав нь гэртээ хамт байлгахыг зөвшөөрөөгүй юм. Шинэ эзэн олтлоо сар гаран хамт байхдаа бие биедээ учиргүй их дасч гөлөгөө явуулдаг өдөр хоолоо ч идэлгүй өрөөндөө хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд уйлж уйлж байгаад унтсан. “Хөөрхий минь, хаана юу хийж явдаг болдоо? За яахав, ядаж манай найз гөлөг тэжээж болно гэдэг сайн хэрэг” гээд нулимсаа арчин эргэн хичээлдээ орлоо.
Тэд тэжээвэр амьтад, ангийхан, байрны найзууд, зусланд өнгөрүүлсэн өдрүүд, ээж аавдаа хэрхэн загнуулсан тухай, эмээ өвөө дээрээ очихдоо юу авсан, ах дүүтэйгээ хэрхэн маргалдсан, чихмэл тоглоом сонирхохоо больсон, шинэ гутал, үзсэн хүүхэлдэйн кино, байрны гадаа сүү зардаг хүү, ойрхон шинэ дэлгүүр нээгдсэн тэнд үлээдэг том бохь зардаг, ирээдүйд ямар мэргэжилтэй ямар хүн болох, орцны жижүүрийн хүүхэд, лифт гацсан тухай гээд бүхий л сэдвийн талаар ярилцдаг. Тэдний ярианд ер нь хязгаар гэж үгүй бөгөөд их эмх цэгцгүй явдаг, ээж юмуу эмээ нь “Цонхоо одоо хаа” гэж хэлэхэд л тэд сэхээ авцгаана. Гэхдээ л тэд бие биетэйгээ өвөл ч хамаагүй бальконоороо харилцахыг төрсөн өдрийн бялуу бэлэгнүүдээсээ илүүд үздэг. Ялангуяа зуны үдэш тагтан дээрээ гудас дэвсээд дээшээ харан хэвтээд од, сар, огторгуйн тухай эсвэл бүр өдөр идсэн элэгний нухаштай талх, уусан лемонтой цай, ээжийнхээ авчирсан аарцтай боовны тухай ярилцахдаа тэд аль аль нь үзэх дуртай америк цуврал киногоо ч умартдаг билээ.
-             За сайнуу? Шинэ жил болоход 35 хоног үлдсэн байна шүү дээ. Чи догдолж байна уу? Манайх ирэх долоо хоногт гацуураа засна гэсэн.
-             Тиймүү? Ийм эрт үү? Үгүй гэхдээ яахав гоё л юм, би энэ удаа яагаад ч юм нэг их догдлохгүй байна өө.
-             Яагаад? Шинэ жил шүү дээ, бүх юм шинэ болно гээд боддоо, би нээрээ ирэх жил бас шинэ сургуульд орно, ээж намайг том болж байгаа болохоор өөр сургуульд оруулна гэсэн, гэхдээ яг юу яриад байгааг нь би сайн ойлгоогүй ээ.
-             Ммм.. Шинэ жилээр хүмүүс хүслээ шивнэдэг шүү дээ, чи юу хүсэхээ бодсон уу?
-             Би юу? Би багш гэрийн даалгавар бага өгөөсэй л гэж хүсэж байна, бас шинэ дугуйтай болмоор л байна. Чинийх юу юм?
-             Би ч гэсэн дугуйтай болмоор л байна. Би хурдан зун болоосой л гэж бодож байна. Гэхдээ миний шивнэх хүсэл нууц, би хэлэхгүй ээ.
-             Өдөр манай дүү хүүхэлдэй үзэж сууж байгаад нойрмоглоод сандал мөргөчихсөн. Хөөрхий өвдсөн л байх даа.
-             Хэхэ.. өөрөө унасан хүүхэд уйлдаггүй биздээ, би өглөө хичээлдээ явж байхаад аймар том гуталтай ах харсан, тэр лав халк байсан байх аа…

гэх мэтчилэн тэдний замбараагүй яриа 38 минут өрнөлөө. Цонхоо хаагаад гэртээ орсны дараа хоёулаа цээжиндээ нэг л дулаан зүйлийг мэдэрдэг. Хэдэн өдрийн турш дотор нь бугшаад байсан бүхнийг гаргасан мэт. Тэд үргэлж л тун энгийн, өдөр тутмын зүйлсээ ярилцах авч эдгээр нь тэдэнд хэзээ ч дэмий чалчаа мэт санагддаггүй. Бие биенээ хүлээцтэй сонсож, чадахаараа зөвлөгөө өгч, чулууны тухай ч хамаагүй өөрсдийн үзэл бодлоо ний нуугуй солилцож, өөр юу ч бодолгүй яг тухайн цаг мөчөө мэдэрнэ. Үүний цаана асар том хүндлэл, цайлган сэтгэл буйг тэд одоогоор ухаарах болоогүй ч чухам үүнд тэдний уулзалтын үнэ цэн оршино. Бальконы нөхөрлөл ирээдүйд нь хэзээ ч мартагдахааргүй гайхалтай дурсамж болон үлдэнэ гэдгийг одоогоор тэд яахин мэдэх билээ.
Үргэлжлэл бий... 

Tuesday, November 22, 2016

The Royal Tenenbaums

Нэгэн гэр бүлийн тухай кино. Бүгд өөр өөрийн гэсэн этгээд үзэл бодол, зан араншинтай. Хүүхдүүд нь том болоод тусдаа гарч, эцэг эх нь салсан ч яг нэг цаг мөчид ямар нэг шалтгаанаар бүгд эргээд төрсөн гэртээ цуглана. Миний дуртай дүр бол өргөмөл охин болох Маргот.

Amelie


Amelie бол миний хамгийн дуртай кинонуудын нэг. Угаасаа бараг мэдэхгүй хүн ч байхгүй биз. Тиймээс янз бүрийн юм бичих нь илүүц байх.

A brighter summer day

Зүгээр л нэгэн хүүгийн тухай өгүүлэх бараг дөрвөн цагийн кино. Мөн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Хүн бүрийн амьдралд тохиолддог анхны хайр, найз нөхөд, гэр бүл зэрэг жирийн л ахуйг харуулсан хэдий ч хийц нь надад их таалагддаг. Төгсгөл нь бүр цочирдмоор, би ерөнхийдөө, би ч гэлтгүй хүмүүс кино үзэж байхдаа төгсгөлийг нь ихэнхдээ өөрийхөөрөө таачихдаг. Харин энэ киноны төгсгөлийг ямар ч сайн киночин таахгүй байх даа.

Биегүй дүрс

 “Цас яагаад цагаан өнгөтэй вэ?” гэж өөрөөсөө байн байн асуух түүнд өвлийн үзэсгэлэнт сайхныг гайхан бишрэх сэтгэл дутна. Хотын төвд хэдий ч хүн бүрийн хараанд өртөмгүй нуугдмал газар байрладаг нэгэн буйдхан кафед тухлан тэрбээр чухам энэ асуултыг одоо гурав дахь удаагаа өөрөөсөө асуун хариулт нэхэн сууна. Түүнд энэ газрын кофены хурц үнэр ихэд таалагдах тул сэтгэл санаагаар гундуу яваа үедээ захиалсан кофегоо уух гэж биш үнэрлэх гэж л авсан аятай гар хүрэлгүй цонхоор ширтэн суудаг зуршилтай. /Гэхдээ энэ тун ховор, жилдээ ганц хоёр тохионо/ Цонхны цаана бүүдгэр тэнгэрээс будрах зөөлөн цасан газар буусан ч хэлбэрээ алдалгүй тогтох шиг. Өвлийн дулаахан агаад цэнгэг агаартай ийм өдөр хэдэн цагаар ч хамаагүй найзуудтайгаа хамт элдвийг хүүрнэн өсөж төрсөн Улаанбаатар хотоо ажиглан алхах дуртай, өнөөдөр харин цасыг ширтэн суухыг илүүд үзлээ.
Тэр МУИС-ын олон улсын харилцааны гуравдугаар дамжааны оюутан. Сэтгэлийн хөөрөл ихтэй, олон найз нөхөдтэй, цовоо дуу шуутай түүнд бодолд автан гуниглан суух шаардлага барагтаа гардаггүй. Өөрийнхөө дотоод дуу хоолойг таньж мэдэхээсээ илүү бусдын дотогшоо өнгийн харах дуртай нэгэн. Халаасандаа үргэлж авч явдаг жижигхэн ягаан толио байс гээд л гаргаж ирэн уруулын будагаа тодруулна. Хичээл амрах дөхөөд шалгалт шүүлэг эхлэсэн үед түүнд ингэж дэмий суух зав баймааргүйсэн. Гэвч түүнд одоо хичээлээс илүү долоон өдрийн турш тасралтгүй хаялсан цас л чухал санагдана. Гагцхүү цас удаан хугацаанд үргэлжлэн орсон болохоор л түүнд, өөрийгөө бодуулахад хүргэсэн аж. Сонирхолтой нь, ямар ч зүйлийг хөл хөөрцөг болон угтдаг тэр цасыг хараад бусад шиг догдолдоггүй, өмнө нь яагаад цасыг анзаардаг ч үгүй /орж л байдаг, хайлж л байдаг байгалийн үзэгдэлээр хүлээн авдаг, хэзээ ч цасны тухай бодолд автан уран сэтгэмжээр төсөөлөн бодож байгаагүй юм/ байснаа гайхан гайхан дээрээс унах ширхэг бүрийг алдалгүй ажиглахыг хичээнэ. Гэсэн хэдий ч өөрийнхөө хувьд одоо хамгийн сонин санагдаад буй өнөөх асуултандаа хариулж чадахгүй байгаадаа цухалдан аягатай кофегоо нэг амьсгаагаар уучихав. Тэгээд эргэн тойрноо гүйлгэн хартал түүнээс гурван сандалны цаана суух эрэгтэйгээс өөр хүн үзэгдсэнгүй. Тэр эр нилээн дүнсгэр царайтай харагдах авч цаанаа л сэтгэл хангалуун, тайван байна. Мөн л цонхоор ширтэж будрах цасыг таатайяа ширтэн, уур савсах ногоон цай балгална. Охины ийш тийш сандчин хараад эцэстээ өөр дээр нь хараа нь тогтохыг ажиглаад түүний өөд инээмсэглэв. Охин яах ийхын зуургүй л өнөөх хүний дэргэд очин:
О: - Цас яагаад цагаан өнгөтэй юм бол? Гээд асуучихав. /Угийн л танихгүй хүнтэй ярилцана гэдэг түүний хувьд хүнд асуудал биш билээ/
Э:  -  Өнгө нь чамд тийм чухал байна уу?
О: - Мэдэхгүй ээ. Миний бие өнөөдөр нэг л сонин байна. Би өнөөдөр огт, бүр хэзээ ч бодож байгаагүй зүйлийнхээ талаар бодож сууна.
Э: - Тэр чинь тэгээд цас юм биз дээ?
О: - Харин тиймээ. Би яагаад цасыг цагаан өнгөтэй байдгийг огтхон ч ойлгохгүй байна.
Э: - Ойлгох гээд хэрэггүй ээ, зарим зүйлсийг мэдээгүй нь дээр байдаг юм. Өнгнөөс өөр юм сонирхлыг чинь татахгүй байна уу?
О: - Тийм гэж үү? Өөр гэж ямар?
Э: - Цаг агаарын үзэгдэл талаас нь биш өөр өнцгөөс харах гээд оролдоод үз л дээ, тэр нь илүү сонирхолтой байдаг юм.   
О: - Ямар өнцгөөс?
Э: - Цаснаас чи юу мэдэрч байна? Тэр чамд юу бодогдуулж байна? Цасаар хучигдсан модод чамайг юу бодоход хүргэж байна? Хүмүүс цасыг хараад хэрхэн хүлээн авч байна? Цас цэвэрлэж буй хүний тухай эсвэл цас хайлахдаа хэрхэн уусч алга болж буй гэх мэтчилэн цасыг биш цастай холбоотой бүхнийг эхлээд бодоод үз. Ер нь тэр зүйл юу, ямар юм байхаас илүүтэй бусдад ямар мэдрэмж төрүүлж буй нь илүү чухал санагддаг. Учир нь хүмүүс мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартдаггүй юм.
О: - Хэцүү юмаа, бүр толгой эргэчихлээ
Э: - Тэгвэл магадгүй чи өөрөөсөө эхлэвэл яаж байна?
О: - Өөрөөсөө эхлэх ээ? Юуг?
Э: - Чи өөрийгөө хэн бэ? Гэдгийг эхлээд таньж мэдэх гэж хичээх хэрэгтэй байх. Дотор хүнээ ямар хүн бэ? Юу хүсдэг вэ? гэх мэтчилэн
О: - За, та юун сонин юм яридаг юм? Би ч өөрийгөө мэдэхтэйгээ байнаа
Э: - Энэ чинь л чиний хамгийн том алдаа байна даа. Хүмүүс… гээд үргэлжлүүлэх гэтэл охин яриаг таслан, шууд босон хувцасаа өмсөн хаалганы зүг зүглэлээ. Тэрбээр “Ямар сонин хүн бэ, шал утгагүй балай юм ярих юм, дэмий л асуулаа” хэмээн бодон автобусны буудал руу алхлав. Гадаа хаялах цасны хэмжээ улам томорсон мэт харагдах авч охинд түүнийг анзаарах сөхөө ч үгүй. Автобус ирэхийг хүлээн буудал дээр зогсох хүмүүсийг л нэвт шувт ширтэнэ. Бодол санаа нь тэс өөр газар тэнүүчилж байсны уршгаар суух ёстой байсан автобусаа анзааралгүй өнгөрөөчихөв. Түүндээ бухимдсандаа ч тэр үү, даарснаасаа ч болсон уу хөлөө дороо хэд дэвстэл халааснаас нь байнга биедээ авч явдаг жижигхэн ягаан толь унаад хэдэн хэсэг болон хуваагдлаа. “Хамгийн хайртай толь минь байсан юмсан” гэж шивнэн хагарсан толины хэлтэрхийд өөрийгөө харан зогсож байтал том том цасан ширхэгүүд толин дээр буун хайлахад түүний тусгалд тэс ондоо хүний дүрс үзэгдэх нь тэр.

Керри эгч


Хүн ухаанаараа биш ч гэсэн сэтгэлээрээ агуу их байж болдог гэдгийг хэзээ ч мэдэж аваагүй ажээ.
                                                                            ***
Цонхыхоо дэргэд эргэдэг сандал дээрээ суугаад ганцаархнаа мөрөөдөн мөрөөдөн байх болноо! Цонхныхоо дэргэд эргэдэг сандал дээрээ суугаад хэзээ ч үл биелэх тийм мөрөөдөлдөө автсаар байх болноо! – Керри эгч

Уг номыг дөнгөж сая уншиж дууслаа. Сэтгэл ахиад л хоосон. /угаас ямагт нэг зохиол уншиж дуусах тоолонд өнөөх гол дүрүүдээсээ хагацаж чадахгүй, нэг л эвгүй оргиод байдаг юм, тэднийг үгүйлээд, удаан хамт байсан нөхдүүдээсээ хагацаж буй мэт л/ Энэ зохиолд эцэс төгсгөлгүй хүний шунал, гадаад ертөнц, мөнгө, баян ядуугын ялгаа, гуйлгачийн амьдрал зэрэг ер нь дандаа л мөнгөтэй холбоотой зүйлс гарна. Гол дүр болох Керри алдар нэр, мөнгө, эд хөрөнгө гэх мэт эцэс төгсгөлгүй, хэзээ ч ханаж цадахгүй их мөрөөдөлдөө автан түүнийхээ хойноос чаргууцалдан хөөцөлдөх болно. Түүнд Дрүэ, Хэрствүд гэх залуус тусалж дэмжих боловч эцэстээ юунд ч хүрэхгүй. Яг л бодит ертөнцийг нэгт нэгэнгүй өгүүлсэн мэт. Хүссэн элбэг хангалуун амьдралдаа хүрвэл л аз жаргалтай, сэтгэл хангалуун болох юм шиг санасан боловч хүссэн бүхэндээ хүрээд ахиад л ганцаараа аз жаргалгүй буйгаа мэдээд улам ихийг мөрөөдөн, хэзээ ч барагдахгүй шуналдаа ахин хөтлөгдөнө. Энэ бол гадаад ертөнцийн бараг бүх хүний л бодит байдал юм даа. Тун чиг харамсалтай. Тэд аз жаргалыг асар томоор төсөөлөн одоо, өөрт байгаа зүйлсээ огт анхаарахгүй юм. Үнэндээ аз жаргал гэгч нь ямагт бидний дэргэд л байдаг зүйл. Олж харах л хэрэгтэй. Түүнийг олж харах нүд, мэдрэц даанч тэдэнд байдаггүй. Хичнээн өрөвдөлтэй.

2016.08.22

Цас


Би саяхан Орхан Памук-н "Цас" романыг уншлаа. Тэгээд дунд хавиас нь эхлээд өөрт таалагдсан хэсэгүүдээ тэмдэглэсэнээ хүргэе. (бүгдийг нь оруулаагүй) Ойлгомжгүй байх тусмаа л ойлгоход хялбар болох болов уу.

- Хүүхэд байхдаа чи жаргалтай байсан уу?
- Хүмүүс жаргалтай үеэ мэддэггүй шүү дээ. Үгүйдээ л, тухайн агшиндаа мэдэрдэггүй. Олон жилийн дараа би өөрийгөө хүүхэд байхдаа их жаргалтай байжээ гэж бодсон. Гэвч яг үнэндээ худал шүү дээ. Өсөж томроод ч би тийм айхтар зовж зүдэрсэн амьтан болчихоогүй юм билээ. Зүгээр л, аз жаргал гээч зүйлийг бүгдээс илүүд үздэг хүн болоогүй хэрэг.
- Тэгээд чи аз жаргалдаа хэзээнээс анхаарах болов?
Ка "Хэдийнээс ч биш" гэх хэлэхийг хүссэн ч нэг талаар худал болохоор, нөгөө талаар хэтэрхий түрэмгий санагдаад тэгж хэлсэнгүй.

                                                                                  * * * 
Бид бусдын зүрхэн дэхь хайр сэтгэл, зовлон шаналлыг хэр мэдэрч чадах вэ? Гүнзгий зовлонд тарчилж, эргэшгүй хагацалтай нүүрэлдсэн, өөрсдийн маань туулсан мэдэрснээс ч илүү их шаналж тэлчилж яваа нэгнийг бид бүрнээ ойлгож байна гэж яахин хэлж чадах билээ? Орчлонгийн манлай баялгууд, хүчирхэгүүд үлдсэн хэсгийнхээ гай зовлонг хуваалцаж нимгэлнэ гэлээ ч өөрсдийг нь тойрсон мянга мянган зовлонт хүмүүнийг үнэнхүү сэтгэлээсээ ойлгож чаддаг болов уу? Орхан гэгч романч нэгэн яруу найрагч найзынхаа адармаатай шаналалт амьдралын харанхуй булан руу шагайж хараад л ийм зүйлтэй учирч байна. Гэвч түүний мэдрэх, шимшрэх нь ч хэдийхэн билээ?

"Амьдрал минь бүхэлдээ шархдаж хаягдсан, ганцаардмал амьтных шиг санагдах юм. (Кагийн бичсэн нь) Чамайг тийм чангаар тэвэрч, тийм ихээр хилэгнүүлээгүйсэн бол би өдий арван хоёр жилийн хөдөлмөрөө нурааж орхиод эхэлсэн газартаа төгсөхгүй ч байсан юм билүү. Эцэст нь би энд орхигдож, тамираа барсан золгүй амьтан болж үлдлээ. Өөрт оногдсон шаналал зовлонгийн шарх сорви бүхнээ би биедээ тээсээр явна. Гэвч заримдаа надад ганцхан чамайг бус, энэ хорвоо дээрх бүх зүйлээ алдчихсан юм шиг санагдах юм."

Энэ үгсийг зүгээр л уншаад өнгөрч буй би найзынхаа үнэнхүү шаналал зовуурийг бүхэлд нь мэдэрч чадах уу?

                                                                    * * * 

"Битгий эмээ" гэж Ка ахиад ямар ч итгэлгүй хэлээд "Би чамд бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай" гэв.
- Одоо хэлэх үгийг минь сонсож чадах, намайг юу ч ярисан сэтгэл зүрхэндээ өөрийг минь хайрлах шалтгаан хэзээд олчих тийм л эр хүнтэй би амьдарч чадна гэдгээ эхлээд сануулчихъя. 
                                                                                  * * * 

- Хүүхдэд зориулж худалдаж авмаар даавуутай гэж үү?
- Яг ч тийм биш ээ. Гэрийнх нь ерөнхий төлөв тун сүрхий харагдаж байсан. Ингэж тайлбарлая л даа. Нэгэн жаргалтай гэр бүл байжээ. Энэ нь тэд агшин хором бүрт өөд өөдөөсөө маасайж суудаг гэсэн үг биш, манайхан шиг юу ч болоогүй байхад инээгээд байдаггүй хэрэг. Чухам тиймдээ л тэд аз жаргалтай амьдардаг. Тэдний хувьд амьдрал бол хариуцлагатайгаар туулах ёстой үйл хэрэг. Түүнээс биш эндэх шиг үхэж төгсдөг зовлон шаналал, сажилж туулах гачлантай зам биш. Тэдний хариуцлага амьдралынх нь бүх талд илэрч байдаг. Яг л өнөөх хөшгөн дээрх загас, сар гэх мэт дүрсүүд тэдний сэтгэл санааг үргэлж өргөж байдаг шиг.